Идэрчүүдийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд 400 гаруй тамирчин оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-01-17 21:48:55

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Волейболын холбоо 2019 оны анхны тэмцээнээ аймгийн идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнээр эхэллээ.

Энэ сарын 12-14-нд 15-18 насны ангилалд эрэгтэй, эмэгтэй 2 төрлөөр болсон уг тэмцээнд 10 орчим сумаас нийт 33 багийн 400 гаруй тамирчин оролцсон байна. Тэмцээний нэгдсэн дүнгээр эрэгтэй төрөлд тэргүүн байранд Булган сумын “Минжит булган” сургуулийн баг, дэд байранд ерөнхий боловсролын Прогресс сургуулийн баг, гуравдугаар байранд Булган сумын нэгдүгээр сургуулийн баг тамирчид тус тус шалгарлаа. Харин эмэгтэй төрөлд тэргүүн байранд ерөнхий боловсролын Прогресс сургуулийн баг, дэд байранд Лаборатори нэгдүгээр сургуулийн баг, гуравдугаар байранд Үенч сумын сургуулийн баг тамирчид  тус тус шалгарч, шагналаа гардан авчээ.

Тус тэмцээн нь орон нутагт волейболын спортыг хөгжүүлэх, тамирчдын ур чадвар сайжрах, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, харилцан туршлага судлах чухал ач холбогдолтой ба тэмцээний цар хүрээ байнга өргөжиж, волейболын спортоор сонирхон хичээллэгчдийн тоог нэмэгдэж байгааг зохион байгуулагчид онцоллоо.

Энэ онд аймгийн Волейболын холбооноос “Удирдах зөвлөл”, “Шүүгчийн зөвлөл”, “Дасгалжуулагч багш нарын зөвлөл” зэргийг шинэчлэн байгуулсан бөгөөд 2019 оны улс, бүс, аймгийн аварга шалгаруулах 16 төрлийн волейболын тэмцээн зохион байгуулж, оролцохоор төлөвлөж байгаа талаар мэдээлэв.

                                                                                                    Н.Лхагва

 

 

 

 

 

Холбоотой мэдээ