2018 он боловсролын салбарт хамгийн их хөрөнгө оруулалттай жил байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-01-18 12:10:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа 21 аймгийн Засаг дарга нартай уулзан, 2018 оны ажлаа дүгнэж, 2019 оны үр дүнгийн гэрээ байгууллаа.

Салбар яам 2017-2018 оныг "Багшийн хөгжлийн жил" болгон зарласан бол 2018-2019 оныг “Суралцагч нэг бүрийн сурлагын чанарт ахиц гаргах жил" болгон зарласныг онцолж өнгөрсөн онд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хэрэгжүүлсэн бодлогын ажлуудаа танилцуулав. Тухайлбал, салбарын албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлуулж, цалинг 8-36 хувиар нэмэгдүүлсэн, тусгай хэрэгцээт боловсролд чиглэсэн цогц бодлого явуулж, ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт Эрүүл мэндийн хичээлийг шинээр оруулж эхэлсэн гэдгийг онцлов.

Мөн боловсролын салбарын мэдээллийн системийг ашиглалтад оруулснаар салбарын үйл ажиллагааны бүх бүртгэл, тайлан мэдээ нэгдсэн системд цугларч, бодит тоо баримт бүхий мэдээллийн нэгдсэн сан бүрдсэн байна. Түүнчлэн ЭЕШ-ыг шууд засах технологийг анх удаа нэвтрүүлэн, Оюутны хөгжлийн зээлийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан хүүгүй, барьцаагүй олгож, гадаадад суралцах Засгийн газрын тэтгэлгийг нээлттэй, ил тод зохион байгуулдаг болсон, төрөөс инновацийн талаар баримтлах бодлого, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх хөтөлбөр батлагдсан, соёлын биет бус өвийг хадгалан, хамгаалах, өвлүүлэх цогц бодлого хэрэгжиж эхэлсэн зэрэг бодлогын чанартай томоохон ажлуудыг хийжээ.

Мөн тэрбээр 2018 он боловсролын салбарын тухайд Монгол Улсын түүхэнд байгаагүй хамгийн их хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил байсныг онцоллоо. Улсын төсвөөр 320 төсөл хэрэгжүүлж, цэцэрлэгийн орны тоог 4180-аар нэмэгдүүлж, нийт 29 цэцэрлэг ашиглалтад оруулсан, сургуулийн суудлын тоог 8308-аар нэмэгдүүлж 14 сургууль шинээр барьсан бол, 2019 онд 137 цэцэрлэг, ерөнхий боловсролын 57 сургууль барих төлөвлөгөө гарсныг танилцуулав.

2019 оны салбарын төсөв, хөрөнгө оруулалт ихээхэн онцлогтой болж буй. Тухайлбал, бүтээн байгуулалтын ажил, төслийг 100 хувь орон нутагт нь шилжүүлж байгаагаас гадна, орон нутаг дахь харьяа байгууллагын байр ашиглалтын зардал болох 127.0 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт шилжүүлжээ. Ингэснээр төсвийн төвлөрлийг сааруулах, өмч эзэндээ ойртох нөхцөл бүрджээ.

Хөрөнгө оруулалтын хувьд, нийслэлд нийт 17920 хүүхдийн хүчин чадалтай 29 сургуулийн барилгын ажил хэрэгжиж дуусахаар төсөв баталсан нь Улаанбаатар хотод 3 ээлжтэй сургуульгүй болох зорилтыг хангахад чухал алхам болно гэж үзэж байна.


2019 онд орон нутагт баталсан урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэл, хөрөнгө оруулалтын төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гүйцэтгэлийг хангаж ажиллахдаа, баталсан төсвөөс хэмнэсэн зардлыг Төсвийн ерөнхийлөн захирагчийн зөвшөөрсний дагуу ажилтны бодит орлогыг нэмэгдүүлэх, өр төлбөрийг барагдуулахад орон нутагтаа санаачилгатай ажиллах, газар, зураг төсөвгүй хөрөнгө оруулалтын зарим төслийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээг яаралтай авахыг Засаг дарга нарт үүрэг болгов.

 

Холбоотой мэдээ