Ц.Цогзолмаа дэлхийн Боловсролын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-01-22 11:31:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Английн Лондон хотноо болж буй дэлхийн Боловсролын сайд нарын чуулга уулзалтад БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа оролцож байна.

2002 оноос зохион байгуулж буй тус чуулга уулзалтад жил бүр дунджаар 80-90 орны Боловсролын сайд нар, удирдах албан тушаалтнууд оролцож,  салбарын өмнө тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулах арга зам, бодлого, ололт амжилт, туршлагаас хуваалцаж дэлхийн боловсролын бодлого ирээдүй хаашаа чиглэх, түүнд хэрхэн бэлтгэх талаар хэлэлцдэг .

 Энэ удаагийн чуулга уулзалт “Боловсролын системийн бодлого, хэрэгжилтийг хөгжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх нь”, “Хэрэгжилт, нөлөө, өсөлтөд тулгуурласан боловсролын бодлогыг боловсруулах нь” сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд боловсролын сайд нар, судлаач эрдэмтэд, их сургуулийн судлаачид, сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг, ярилцлага хийж, санал солилцож байна. Тухайлбал, “Боловсролыг өөрчилж буй трэндүүд” сэдвийн хүрээнд боловсрол улам бүр дижиталчлагдаж байгаа бөгөөд үүнд хэрхэн бэлтгэх талаар төлөөлөгчид санал бодлоо солилцлоо.


Энэ талаар дэлхийн хүн амын дунд дундаж давхаргынхны эзлэх хувь өсөн нэмэгдэж байгаа учраас цаашид тэдэнд чиглэсэн боловсролын хөтөлбөр хэрэгтэй байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд интернэтийн хэрэглээ дэлхий дээр хоёр дахин өссөн судалгаа гарсан. Тиймээс интернэт, технологид суурилсан боловсрол олгох шинэ шатны системд шилжихгүй бол өмнөх шигээ массаар нь суулгаад хичээл зааж, боловсрол олгодог систем хоцрогдож байгааг эцэг эхчүүд, боловсролын байгууллагууд ойлгох хэрэгтэй байгааг илтгэгч онцоллоо.

Мөн боловсролын дижитал загвар системийг боловсруулахдаа интернэт орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хөтөлбөрөө цогцоор нь боловсруулах нь чухал. Үүний дараа дижитал боловсролын системд шилжих ёстойг төлөөлөгчид хэлж байлаа.

Дараагийн хэлэлцүүлэг “Үр дүнд тулгуурласан боловсролын санхүүжилт” сэдвээр болно гэж БСШУСЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ