Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх зарлиг гардууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигийг гардуулах ёслол өнөөдөр Богд хааны музейд боллоо.
Ерөнхийлөгчийн зарлигийг түүний Шашин, соёлын бодлогын зөвлөх, МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, БСШУС-ын дэд сайд Б.Ганбаяр, Богд хаан музейн захирал Ц.Эрдэнэбаатар, МҮНС-гийн захирал Б.Ичинхорлоо, Архивын ерөнхий газрын дарга Энхбаатар, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, Нийслэлийн Засаг даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц нарт гардуулав. Уг зарлигт, харь гүрний 200 жилийн ноёрхлыг эцэс болгон 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг манлайлан удирдаж, Монгол төрийн хаан ширээнд заларсан, төр шашныг хослон баригч, наймдугаар Богд Жавзандамба хутагт дээрх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан түүхэн хүн мөн гэж онцолжээ. Тиймээс түүний түүхэн үйл хэргийг алдаршуулах, улс төрийн ач тусыг зүй ёсоор үнэлж мөнхлөх саналыг гаргасан түүхч, эрдэмтэд, иргэний байгууллагын хүсэлтийг дэмжиж Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг 2019 онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхийг зарлигдсан байна. Энэ ойн ёслолуудыг орон даяар тэмдэглэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгожээ.
Богд хаан Жавзандамбын түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын цогцолборыг Богд хааны музейн дэргэд байгуулах, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, баримтат кино бүтээх, хутагтын амьдрал, түүхэн замналын талаарх судалгаа, баримтуудыг нэгтгэсэн эмхэтгэл гаргах, ойг угтан санаачлан сэдэх, бүтээн туурвих, бүх нийтийн үйлсийг дэмжихийг зарлигт тусгасан байна.
Зарлиг гардан авах ёслолд Богд хааны музейн захирал, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Ц.Эрдэнэбаатар "Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэлмий гийсний 150 жилийн тэгш дүүрэн ойг хүндэтгэн тэмдэглэх зарлиг буулгасныг гардан авсандаа баяртай байна. Монголчууд 1911 оны хувьсгалыг мөнхөд санаж, энэхүү бахархалт үйлсийг манлайлан удирдсан Богд хаан Жавзандамбын үйл хэргийг хүндэтгэн дурсах учиртай. Хаантай тухайн үед хамтран зүтгэсэн Төгс-Очирын Намнансүрэн, Да лам Н.Цэрэнчимэд, Гадаад хэргийн сайд М.Ханддорж, Г.Бадамдорж, Манлай баатар Дамдинсүрэн, Жалханз хутагт Дамдинбазар зэрэг олон тайж ноёны эх оронч гавьяаг ч цогцоор нь харах ёстой. Тэр их хувьсгалын гал голомт болсон Богд хааны ордон өргөө болох музейнхэн бид мандаж буй төртэйгөө, салбарын яамтайгаа өнөөдөр зарлигийг нь гардан авлаа. Олон эрдэмтэн, түүхч, эх оронч ард түмэнтэйгээ их эвийн хүчээр бид их хааныхаа 150 жилийн ойг ёслон тэмдэглэх болно" гэж ярилаа. Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний түүхт 150 жилийн ойг ийнхүү орон даяар эхлүүлж байна.