Шадар сайд Үнэт металлын сорьц тогтоох лабораторийн үйл ажиллагаатай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-02-27 11:52:58

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр Дархан-Уул ажиллалаа.

Тэрээр айлчлалын эхэнд аймгийн Засаг дарга С.Насанбаттай уулзаж хаврын бэлтгэл ажлын талаар тодруулж, шаардлагатай болон тулгамдсан асуудлын талаар харъяа яамдуудад уламжлахаа мэдэгдсэн. Дархан-Уул аймгийн хувьд Бусад аймгуудыг бодвол мал, малчин өрх цөөн учраас хүндрэл төдийлэн үүсээд байдаггүй юм.

Үүний дараагаар өнгөрсөн намар нээгдсэн Үнэт металлын сорьц тогтоох лабораторийн үйл ажиллагаатай танилцав. Алт худалдан авалтын төвлөрлийг сааруулах, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор Монголбанк, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймагт Үнэт металлын сорьц тогтоох лабораторийг байгуулж, ашиглалтад оруулсан билээ.

Тус лаборатори 2018 онд нийт 14 иргэн 5 ААН-ийн 116 ш гулдмай хайлуулж, улсын төсөвт 11,886,304 төгрөг төвлөрүүлжээ. Харин 2019 оны эхний 2 сард 5 иргэний 33 ш гулдмай хайлуулж, сорьцлон улсын төсөвт 1,790,940 төгрөг төвлөрүүлээд байна. 

Цаашдаа тоног төхөөрөмжийн нарийвчлал шаардлага хангадаггүй, хоцрогдсон,  барилгын дээвэр муу, гадна цахилгааны кабель, галын дохиоллын системтэй болох зэрэг нэлээд тулгамдсан асуудал байгааг аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн дарга И.Алтанцэцэг шадар сайд Ө.Энхтүвшинд танилцууллаа.

Тус лаборатори байгуулагдсанаар иргэдийн цаг завыг хэмнэх, Дархан, Сэлэнгэ төдийгүй хил залгаа аймгуудын бичил уурхай эрхлэгчид, алтны компаниуд алтаа тушаах, сорьц тогтоолгох боломжтой болсон юм.


Холбоотой мэдээ