У.Хүрэлсүх: МАН бол Монголын эрх чөлөө, их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн түүх

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-01 14:27:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын улс төрийн ууган нам болох МАН үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой буюу “Эх орончдын өдөр"-ийн баярын хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо.

УИХ-аас 2011 онд МАН-ын үүсэн байгуулагдсан өдрийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэж байхаар хуульчилсан. МАН 1921 онд хувьсгал өрнүүлж, эдийн засгийн хувьд хоцрогдсон, цөөн хүн амтай, мөхлийн ирмэгт ирсэн гэгдэж байсан улс орноо сэргээн босгож, хөгжүүлэх хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлсэн гэдгийг тус намын дарга У.Хүрэлсүх хурлын нээлтийн үеэр онцлов. Мөн Анхдугаар Үндсэн хуулиа баталж, дэлхий нийтэд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж чадсан түүхэн гавьяатай нам гэдгийг онцлоод, “Манай нам өнгөрсөн хугацаанд бодлогын төдийгүй бүтээгч нам байхын төлөө ажиллаж ирсэн. Одоо ч бид газрын тос боловсруулах үйлдвэ, цэвэрлэх байгууламж, ДЦС-ууд, сайжруулсан түлшний үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтын төслийг эхлүүлээд байна.  Товчхондоо МАН-ын түүх бол Монголын эрх чөлөө, тусгаар тогтнол, их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн түүх юм” хэмээв.

МАН Шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрөө боловсруулж байгаа бөгөөд үүнд үзэл баримтлалыг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, анхан шатны байгууллагынхаа үйл ажиллагааг дэмжих зорилт тусгажээ. Мөн иргэд сонгогчдод нээлттэй, цахим системийг нэвтрүүлэх зорилт тавьж буйгаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Тэрбээр, “МАН-ын шинэчлэлийн нэгэн чухал асуудал бол санхүүжилт. Намууд хөрөнгө мөнгөтэй хүмүүсээс ангид байвал улс орныхоо хөгжлийн бодлого боловсруулагч, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалагч болж чадна. Тиймээс МАН санхүүжилтийн ил тод байдал, дотоод хяналтыг сайжруулах ажлыг эхлүүлж, бусад нам, ТББ-ууд, эрдэмтэн судлаачидтай хамтран судалгаа хийж байна. Бид хувьсан өөрчлөгдөж буй цаг үеийн шаардлагыг хамгийн түрүүнд мэдэрч, бусад намуудаа өөрчлөлт, шинэчлэлд манлайлдаг байх ёстой юм” гэлээ.

Холбоотой мэдээ