Өлгий хотын гэр хорооллын 1500 гаруй өрх цахилгааны хөнгөлөлтөд хамрах боломжтой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-06 17:48:20

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн цахилгаан, шугам сүлжээний газраас Өлгий сумын 6, 9, 10 дугаар багийн айл өрхөд  цахилгаан эрчим хүчний ухаалаг тоолуур тавих ажлыг хийж байна.

Тус ажил нь 2017 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар байгууллагын дотоод нөөц бололцоонд тулгуурлан гэр хорооллын 1500 гаруй, орон сууцанд амьдардаг 550 өрхийг хамруулсан байна. Эрчим хүчний яамнаас 2019 оныг "Ухаалаг эрчим хүчний жил" болгон зарласантай холбогдуулан энэ жил аймгийн төвийн нийтдээ 1000 айлд ухаалаг тоолуур тавихаар төлөвлөснөөс одоогоор 500 айлд суурилуулжээ.  

Тухайн төхөөрөмж нь айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны мэдээллийг төв сервер рүү хүний оролцоогүйгээр илгээх, цахилгааны төлбөрөө зохих хугацаанд төлөөгүй хэрэглэгчийн хэрэглээг автоматаар хязгаарлахаас гадна үйлчлэгч байгууллагын веб хуудсаар дамжуулан хэрэглээгээ хянах боломжийг иргэдэд олгодог байна.

Түүнчлэн ухаалаг тоолууртай гэр хорооллын айл өрхүүд Засгийн газрын 2017 оны 199 тоот тогтоолын дагуу хүйтний улиралд буюу 11 дүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааныхаа төлбөрийн 50  хувийг хөнгөлүүлэх боломж бүрджээ.

Албаны хүний мэдээлснээр 2020 оныг хүртэл Өлгий хотын найман мянга гаруй өрхийг бүхэлд нь ухаалаг тоолууртай болгох ажээ.

Холбоотой мэдээ