“Мөнгү Шяоши Бао” сониноос хятад хэлээр эсээ бичих уралдаан зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
khandmaa@montsame.gov.mn
2019-03-07 10:34:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг, “Мөнгү Шяоши Бао” сониноос 2019 онд  Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, мөн тус сонины 90 жилийн ойг тохиолдуулан хятад хэлээр эсээ бичих анхдугаар уралдааныг ЕБС-иудын ахлах ангийн сурагчдын дунд зарлаж байна.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хятадын соёлын төвтэй хамтран цаашид жил бүр тогтмол зохион байгуулах энэхүү эсээ бичлэгийн уралдаан өнөө жил “Монгол, Хятадын найрамдал бидний нүдээр” сэдвийн дор болох бөгөөд хятад хэл сурч буй 10-12 дугаар ангийн сурагчид оролцох боломжтой юм.

Уралдаан нь сурагчдын хятад хэлээр бичих ур чадварыг хөхиүлэн дэмжих, Монгол-Хятадын найрамдалт харилцааг хүүхэд залуус хэрхэн ойлгож, үнэлж буйг нээн харуулах, Монгол орныг гадаад ертөнцөд таниулахад хувь нэмэр оруулах үйлст хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Уралдаанд оролцох сурагчдын эсээ бичлэгийг 2019 оны 3 дугаар сарын 5-25-ны өдрийг дуустал хүлээж авах ба 2019  оны 4 дүгээр сарын эхээр уралдааны дүнг олон нийтэд зарлаж, шалгарсан сурагчдыг өргөмжлөл, 500.000, 300000, 200000 төгрөгийн мөнгөн урамшуулал болон уралдааныг хамтран зохион байгуулагч БНХАУ-ын Элчин сайдын яам, Хятадын соёлын төвийн нэрэмжит шагнал, бэлэг дурсгалын зүйлээр шагнаж,  шилдэг эсээ бичлэгүүдийг агентлагийн сонин, мэдээллийн цахим хуудсаар түгээн олны хүртээл болгоно.

Уралдаанд оролцогчид “Монгол, Хятадын найрамдал бидний нүдээр” сэдвээр, 800-1000 ханз үсэгт багтаасан эсээг хятад хэлээр бичиж 3 дугаар сарын 5-25-ны өдөрт багтаан “Мөнгү Шяоши Бао” сонины newsinchinese@montsame.gov.mn болон mgxxbao@yahoo.com цахим шуудан болон Төв шуудан-1514, МОНЦАМЭ агентлаг, Мөнгү Шяоши Бао /хятад хэлээрх/ сонины газар гэсэн хаягаар ирүүлэхийг урьж байна.

Хятад хэлээр гардаг цорын ганц тогтмол хэвлэл “Мөнгү Шяоши Бао” сонин нь 1929 оноос хойш 90 дэх жилдээ гарч буй, Монгол-Хятадын харилцааны нэгэн гүүр болсон хэвлэл юм.

                                                                                                                                                                                            Б.Мөнхтуул


Холбоотой мэдээ