Ж.Бадраагийн  алдрыг төрсөн өдрөөр нь тэмдэглэнэ

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2016-03-20 19:24:18

Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын билиг зүйч Жамцын Бадраагийн мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд түүний төрсөн өдөр болох 3-р сарын 21-ий өдөр алдрыг нь тэмдэглэнэ.

Ойн хүрээнд түүний уран бүтээлийг хүүхэд, залуу үеийнхэнд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх арга хэмжээг Хөвсгөл аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. Мөн төрсөн өдрөөр нь түүний хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээ, Ж.Бадраагийн амьдрал уран бүтээлийн талаарх эрдэм шинжилгээний бага  хурал, “Жаргаах зүрхэн” дууны наадам болно.

Түүхт их ойг угтан бага ангийн сурагчид Ж.Бадраагийн шүлэг Намсрайжавын хөгжим  “Халуун элгэн нутаг” дууны үг аяыг бүрэн зөв цээжлэн сурах, дунд ангийн сурагчид түүний зохиол бүтээлийг судлан шүлэгнүүдээс уран тод уншин цээжлэх, ахлах ангийн сурагчид “Найрсаг байгаасай” дууг сурах “Ардын билиг зүйч Жамцын Бадраа” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулжээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ