Сургуулийн ойролцоох архи, тамхи худалдаалж буй цэг, РС тоглоомын газрыг хаана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-04-05 12:23:06

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын тэргүүлсэн Хүүхдийн төлөө зөвлөлийн ээлжит хуралдаан болж хүүхдийн эрх, хамгааллын өнөөгийн нөхцөл байдал, төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг авч хэлэлцэн, хамтын оролцоотой шийдвэр гаргах зорилгоор өргөтгөсөн байдлаар зохион байгуулав.

Энэ үеэр "Хүүхдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь шийдвэр гаргагч нараас хамааралтай" гэсэн шийдлээр хүүхдүүд мэтгэлцэж, санал бодлоо сонирхолтой хэлбэрээр илэрхийлж байв.


Илтгэл, мэдээлэл, хүүхэд, насанд хүрэгчдийн санал, шаардлагад үндэслэн "Хүүхэд хамгаалал- өрхийн хөгжлийг дэмжих" нэрлэсэн жилийн ажлын хүрээнд даваагаас бямба гараг хүртэл өдрийн цагаар хүүхдүүд сургуулийнхаа спорт заалыг үнэ төлбөргүйгээр чөлөөтэй ашигладаг болох, хүний нөөцийг судалж, энэ сарын 8-ны өдрөөс эхлэн сэтгэл зүйчдийг сургуулиуд дээр тогтмол ажиллуулах, хууль, тогтоомжид нийцүүлэн сайтар судалж, энэ сардаа багтаан сургуулийн ойр орчимд буюу 100-500 метрээс дотогш зайд байгаа архи, тамхи худалдаалж буй цэгүүд, PC тоглоомын газрын үйл ажиллагааг хаах, хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичиг, хүүхэд хамгааллын ёс зүйн дүрэмд нийцүүлэн хүүхэдтэй зүй бус харьцаж, хүчирхийлэл үйлдсэн хэнийг ч бай тухайн ажил, албан тушаалаас нь чөлөөлдөг байх бодлогыг хэрэгжүүлэхээр болов.


Мөн бусдынхаа сайн сайхны төлөө болон өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр чармайн суралцаж, сайн үйлс бүтээсэн, зөв үлгэр дуурайллыг нийгэмдээ, үе тэнгийнхнийхээ дунд түгээн дэлгэрүүлсэн 50 хүүхдийг сонгож олон улсын хүүхдийн Найрамдал зусланд үнэ төлбөргүй амраах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийг дэмжиж, хүүхдээ гэртээ байнгын асарч байгаа 97 иргэний нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах, аймаг, сумын хэмжээнд золбин нохой устгалын ажлыг зохион байгуулж дуусгах,  аймгийн төвд хүүхдэд хамгийн их эрсдэлтэй цэгүүдэд яаралтай камержуулалтыг хийхээр болов.

Ийнхүү хүүхдийн асуудлыг анхааран сонсож, бодитой шийдвэр гаргасан үр дүнтэй хурал боллоо гэдгийг хүүхдүүд хэлж байлаа. Шийдвэрийг аймгийн Засаг даргын захирамж, Хүүхдийн төлөө зөвлөлийн тогтоолоор баталгаажуулж, судлан хэрэгжүүлэх ажилдаа орлоо.

Холбоотой мэдээ