Орон нутгийн тусгай хамгаалалтаас 8,4 га газрыг гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-04-05 12:25:57

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Төр, хувийн хэвшлийн хамтын түншлэлээр “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг шинэчилж, соёл амралтын бүс болгон хөгжүүлэн, хамтын менежментээр цаашид ажиллуулах үүднээс 8,4 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргаж, хувийн хэвшилд гэрээгээр шилжүүлэхээр боллоо.Тус шийдвэрийг энэ сарын 2-ны өдөр болсон аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 13 дугаар хуралдаанаар хэлэлцэн батлав.

Дархан-Уул аймгийн “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн нийт 44,5 га газар орон нутгийн тусгай хамгаалалтад байдаг аж. Тус цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд, залуучуудын соёл амралтын цогцолбор байгуулах ажлыг төр өөр дээрээ авч, өөрсдийн хөрөнгө оруулалт, менежментээр ажиллуулахад хүндрэлтэй байгаа тул ийнхүү хувийн хэвшилтэй хамтын ажиллагааны үндсэн дээр тодорхой газрыг соёл, амралтын бүс болгон хөгжүүлэхээр болжээ.

2018 оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэнд “Хүүхэд залуучуудын соёл амралтын цогцолбор”-т зургаан ширхэг тоглоом шинээр нийлүүлэх хөрөнгө батлагдсан. 
Энэ дагуу 2018 оны 6 дугаар сард “Ти Эс Жи” ХХК тендерт шалгарч гэрээг байгуулан 10 дугаар сард агаарын дугуй, мөргөлддөг машин, усан онгоц, кофены аяга, гинжит савлуур, морин тойруулга зэрэг зургаан ширхэг тоглоомыг нийлүүлсэн аж.
Харин 2019 оны 2 дугаар сарын 11-нд "Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэнгийн 8.4 га газарт “Хүүхэд залуучуудын соёл амралтын цогцолбор”-ын зориулалтаар хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны менежмент хийх хуулийн этгээдийн эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах тендер зарлагдаж 2019 оны 03 дугаар сарын 04-нд “Минж проперти” ХХК, “Бурхантын ирээдүй” ХХК хамтран хэрэгжүүлэхээр шалгарч тоглоомын суурийн барилгын ажлыг эхлүүлж, нийт 12 тоглоом бүхий жишиг соёл амралтын хүрээлэнг бий болгохыг зорьж байна. 
Хуралдааны үеэр аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн зүгээс хотын төв хэсэгт байрлах “Хүүхэд залуучуудын соёл амралтын цогцолбор”-ын газрыг зориулалтын бус ашиглахаас урьдчилан сэргийлэх, тогтмол хяналт тавих ёстойг анхааруулж байлаа.

Холбоотой мэдээ