"Бизнесээ эхэл" хөтөлбөрт хамрагдсан 200 иргэн гэрчилгээгээ гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-04-10 11:05:36

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумаас 2019 онд "Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих " зорилт дэвшүүлсэн. Үүний хүрээнд "Сум хөгжүүлэх сан"-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн дунд "Гарааны бизнес" төслийн уралдааныг зарласан юм. Өнгөрсөн 2 дугаар сарын 11-нээс 3 дугаар сарын 11-ний хооронд анх удаа бизнес эрхлэн, шинэ санаагаа хэрэгжүүлэхээр зорьж буй нийт 350 иргэн, аж ахуй нэгж бүртгүүлсэн. Үүнээс огт сургалтад хамрагдаагүй 200 иргэнийг 3 дугаар сарын 12-ноос 4 дүгээр сарын 1-ний хооронд нийт 40 цагийн сургалтад хамруулж гэрчилгээ  гардууллаа.

"Дархан бизнес инкубатор төв"-өөс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын "Бизнесээ эхэл, Бизнесээ хөгжүүл" хөтөлбөрийн дагуу зохион байгуулсан "Бизнесээ эхэл" хөтөлбөрт хамрагдсан иргэдэд мэргэжлийн багш нар төсөл хэрхэн бичих, гарааны бизнесээ яаж эхлэх зэрэг мэдлэгийг олгож заавар, зөвлөгөө өгчээ. Дараагийн шатанд иргэд, аж ахуйн нэгжүүдээс энэ сарын 15-ныг хүртэл төслийн материал хүлээн авч 29-ний өдөр сонгон шалгаруулалтыг явуулах юм. Дархан сумын ИТХ-аас 2019 онд СХС-гаас 480 сая төгрөгийг иргэд, ААНБ-д олгохоор баталсан. Батлагдсан төсвийн хүрээнд нийт 30-35 төслийг шалгаруулна. Санхүүжүүлэх зээлийн гэрээг 5 дугаар сарын 3-нд байгуулах ажээ.

Холбоотой мэдээ