“Ус ба хүний эрх” эсээ бичлэг, “Ус ба би” сэдэвт гар зургийн уралдааны дүн гарлаа

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-04-19 11:23:00

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Алтайн өвөр говийн сав газрын захиргаанаас Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зарласан “Ус ба хүний эрх” сэдэвт эсээ бичлэг, “Ус ба би” сэдэвт гар зургийн уралдааны дүн гарлаа.

Алтайн өвөр говийн сав газрын захиргаaнд тус аймгийн Цогт, Цээл, Эрдэнэ, Алтай, Бугат, Төгрөг сум хамаарагддаг юм.

Эсээ бичлэгийн уралдаанд тус аймгийн Алтай сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч Б.Хосбаяр нэгдүгээр байр, Алтай сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Х.Баянмөнх, хоёрдугаар байр, Алтай сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч П.Наранзаяа гуравдугаар байр эзэлжээ. Харин гар зургийн уралдаанд Есөнбулаг сумын нэгдүгээр сургуулийн 9б ангийн сурагч Г.Дүүрэнзаяа нэгдүгээр байр, Есөнбулаг сумын нэгдүгээр сургуулийн 9в ангийн сурагч У.Эмүүжин хоёрдугаар байр, Алтай сумын ЕБС-ийн сурагч Л. Энхжин гуравдугаар байрыг тус тус эзэлсэн байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх, усыг хайрлан хамгаалах, гамнах, усыг зөв зохистой ухаалаг хэрэглэх сэтгэлгээг төлөвшүүлэх, усыг дээдлэн эрхэмлэх, ардын уламжлалт зан заншлыг өвлүүлэн үлдээх зорилгоор уг уралдааныг зарлажээ.