“Математик стандарт VII” бүсийн олимпиад Заамар суманд боллоо

Орон нутагт | Төв
naraa@montsame.gov.mn
2019-04-23 13:51:21

Төв /МОНЦАМЭ/. Засаг даргын нэрэмжит “Математик стандарт VII” бүсийн олимпиадыг “Заамар нутгийн хөгжлийг дэмжих сан” ивээн тэтгэжээ.

Тус сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль, Математик, гадаад хэлний сургалттай “Олонлог” сургуулийн улсын математикийн олимпиадын 5 удаагийн  аварга, зөвлөх багш Б.Ганбилэг, улсын математикийн олимпиадын 4 удаагийн аварга, зөвлөх багш П.Чимэг нар хамтран зохион байгуулжээ.  

Тус олимпиадад Төв аймгийн Угтаалцайдам, Цээл, Эрдэнэсант, Баянцогт, Батсүмбэр, Баянчандмань зэрэг 7 сумын 225 багш, сурагч оролцсон байна. 

Олимпиадын зорилго математикийн сургалтын чанарыг сайжруулж, сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэн, математикт дур сонирхолтой болгох, бага ангийн багш нарын онол, заах арга, ур чадварыг нэмэгдүүлэх, эцэг эх олон нийтийн оролцоог  нэмэгдүүлэхэд  чиглэж байгаа аж.

Математикийн сургалтаар аймагтаа тэргүүлсэн амжилтаа бататган, төрөлжсөн олимпиад болон ЭЕШ-д сурагчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь тус олимпиадын ач холбогдол оршиж байгаа ажээ. Олимпиадад Заамарын I сургууль тэргүүн байр, Цээл дэд байр, Заамар II сургууль гуравдугаар  байр тус тус эзэлсэн байна. 

Бага ангийн багш нараас Цээл сумын бага ангийн багш Б.Жавзмаа тэргүүн байрт орж алтан медаль, мөн Цээл сумын багш П.Амгалан, Заамар II сургуулийн багш  Б.Оюунтуяа мөнгөн медалийн эзэд болжээ.

Холбоотой мэдээ