НҮБ-ын хүүхдийн сангийн төлөөлөгчид Говь-Алтай аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-05-02 22:49:13

Говь-Алтай /МОНЦАМЭ/ НҮБ-ын хүүхдийн сангийн 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Говь-Алтай аймагт ажиллаж байна. 


Тус багийнхан тус аймагт ажиллахдаа БНСУ-ын Олон улсын Хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй хэрэгжих “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төслийн танилцуулгыг хийлээ. Түүнчлэн сэтгэцийн эрүүл мэндийн талаар хэрэгжүүлж буй ажлын үр дүнг зөвлөлдөх, хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт, явцтай танилцах, цахим орчин дахь хүүхэд хамгааллын үе тэнгийн сургагч хүүхдүүдийг бэлтгэх, боловсрол, эрүүл мэндийн салбарын хүүхэд хамгааллын бодлоготой танилцах, зөвлөлдөх зорилготой иржээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй тус аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, ЗДТГ-ын дарга буюу “Хүүхдэд ээлтэй Алтай” хөтөлбөрийн зохицуулах зөвлөлийн дарга Ч.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг нар уулзаж, санал бодлоо солилцлоо.

Холбоотой мэдээ