Тавдугаар сарын 9-нд хийсэн цэргийн сургуулийг Ким Жөн Ун удирджээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-05-10 09:23:10

ПЁНЬЯН. /TASS/. БНАСАУ-ын Солонгосын ардын армийн батлан хамгаалах анги нэгтгэлийн цэргүүд пүрэв гарагт хол тусгалын янз бүрийн зэвсгээр галын цохилт өгөх сургууль хийжээ. Уг сургуулийг тус улсын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун удирдан явуулсан тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /КСNА/ баасан гарагт мэдээллээ.


“Нөхөр Ким Жөн Ун тавдугаар сарын 9-нд Солонгосын ардын армийн батлан хамгаалах ангийн галын цохилт өгөх сургуулийг фронтын урд болон баруун хэсэгт удирдан явууллаа” гэж тус агентлагийн мэдээнд дурджээ. Ким Жөн Ун командын цэгт байж, хол тусгалын янз бүрийн зэвсгээр галын цохилт өгөх сургуулийн төлөвлөгөөтэй танилцсаныхаа дараа сургуулийг эхлүүлэх тушаал өгсөн байна.


“Фронтын урд ба баруун хэсэгт Солонгосын ардын армийн батлан хамгаалах ангийн цэргүүдийн галын дайралтыг маневртай хослуулан түргэн шуурхай хариу арга хэмжээ авах чадварыг шалгах” зорилгоор уг сургуулийг хийжээ.


Сургуулийн үеэр ямар пуужингууд харвасныг КСNА агентлагийн мэдээнд  дурдаагүй байна.


БНАСАУ ойрын зайн тусгалтай хоёр пуужин Япон тэнгис рүү харвасан гэж БНСУ-ын цэргийнхэн пүрэв гарагт мэдээлсэн юм. Эхний пуужин 420 км, харин хоёр дахь нь 270 км зайд ниссэн байна. БНАСАУ өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт ойрын тусгалтай пуужингууд туршсан билээ.


Холбоотой мэдээ