Ховдын шувуу бөгжлөх сууринг дөрөвдүгээр сард байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Монгол Улсад шувуу бөгжлөх суурин гурав бий.
Үүний нэг болох “Ховдын шувуу бөгжлөх суурин”-г энэ оны дөрөвдүгээр сард аймгийн төвөөс 80 км, Хар ус нуураас 45 км зайд буюу Манхан сумын нутаг “Өөш” хэмээх газарт байгуулжээ.
Тус сууринг байгуулснаар баруун бүс нутаг, тэр дундаа Ховд аймагт шувууны чиглэлээр анх удаа системтэй, нарийвчилсан судалгааны ажлыг эхлүүлэх, улмаар энэ дагуу мэргэшсэн залуу судлаач бэлтгэх, хөгжүүлэх боломж бүрдэж байгаа талаар албаныхан онцолж байв.
Тус сууринг түшиглэн судлаачид жил бүрийн шувуу нүүдэллэх үе буюу хавар дөрөвдүгээр сарын 20-ноос зургаадугаар сарын 10-ны өдөр, намар наймдугаар сарын 01-нээс аравдугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд шувууны төрөл зүйлийг тогтоох судалгааны ажил хийх юм.
Одоогоор Ховдын шувуу бөгжлөх сууринд “Зэрлэг амьтан хамгаалах, судлах төв"-ийн биологич Д.Батмөнхөөр ахлуулсан судалгааны баг, Ховд их сургуулийн хоёр оюутан, гадаадын шувуу бөгжлөгч буюу сайн дурын ажилтнууд гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Тэд 8 хэсэг газарт 150 метр ханан тор байрлуулан, өдөрт дунджаар 20-30 шувуу барьж, биеийн хэмжилт хийх, өдний дээж авах, хачигны дээж авах, бөгжлөх буюу таних тэмдэг хийх зэргээр ажиллаж байгаа гэнэ.
Тус судалгааны баг одоогийн байдлаар буюу 20 хоногийн хугацаанд Ховдын шувуу бөгжлөх суурингийн бүс нутагт 120 гаруй зүйлийн шувуу нутаглаж байгааг тогтоожээ. Үүнд, холтсон гоётуул, хээрийн охил бялзуухай, эгэл гал сүүлт зэрэг шувуу элбэг байгаа юм. Мөн 30 орчим зүйлийн 200 гаруй шувуунд далавчны хэмжилт, сүүл, хошуу, шилбэний урт, өөх булчингийн байдал, хөгжил, нас хүйсийг үнэлэх судалгаа хийж, бөгжлөх буюу таних тэмдэг хийж буцаан тавих зарчмаар ажилласан талаар судлаачид мэдээллээ.
Шувууны төрөл зүйлийг тогтоох, бөгжлөх буюу таних тэмдэг хийх ажилд тулгуурт шугам, бөгжилдөг бахь, бөгж онгойлгогч, штанген церкул, электрон жин, ханан тор зэрэг 8 төрлийн багаж хэрэгсэл ашиглаж байна.