Монголын найман Богдын өвөөс дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-20 20:51:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Энэ жил тохиож буй Богд хааны мэндэлсний 150 жил, Дэлхийн музейн өдөрт зориулан Богд хааны ордон музейгээс “Монголын найман Богдын уламжлалт өвөөс” үзэсгэлэнг өнөөдрөөс  6 дугаар сарын 1-нийг хүртэл дэлгэнэ. Үзэсгэлэнд Монголын найман Богдын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, Манжийн  хаанаас өгсөн бэлэг сэлт зэрэг нийт 40 орчим үзмэр тавьжээ.

Дүр дүрийн Богдуудаас үлдсэн эд зүйлс нь Монголын шашин соёлын өв материал төдийгүй монгол төрийн ой санамжийн чухал гэрч баримт болж байна. Тухайлбал,  400 шахам жилийн "настай", Анхдугаар богдын дээл, малгай нь онцгой үнэ цэнэтэй үзмэрүүдийн нэг юм. Шармал мөнгөн суурьтай, 45 ширхэг оюу шигтгээтэй суурь бүхий шүрэн жинстэй, цагаан зандан модны навч зүйж хийсэн цан хэлбэртэй малгай, хөлтэй хүрэн магнаг дээл энд байна. Хоёрдугаар Богдод Манжийн хаанаас бэлэглэсэн биндэрьяа эрдэнийн өнгөтэй бадар аяга болон хоёр луу зөрүүлэн цутгасан тавиур сонирхол татаж байв. Мөн I, II, III, VII Богдын дүрийг маш гайхамшигтай урлаж оёсон зээгт наамал бүтээлүүдийг дэлгэжээ. 

Урьд өмнө олон нийтэд дэлгэж үзүүлж байгаагүй үзмэр гэвэл, Богд хааны ордонд уламжлан хадгалсан шар торгон өргөмжлөлүүд болно. Эдгээр нь төвдийн “шар үсэг” хэмээх төвдийн бичмэл үсэг, монгол бичгээр хадмаллан, шар торгон дээр улаан хар бэхээр бичсэн байна.

Үүнээс нэг нь Бодала ордноос бичсэн Далай ламын зарлиг, гурав нь VIII Богдоос Хамба номун хан цол, хамбын эрх ямба, барсын сүүл, жууз, жолоо, номын хүнс ба хурлын газарт тэргүүн сайдуудаас ахлах ямба, нугалбар айлтгах эрхийг олгосон тухай батламжлан бичсэн шар торгон өргөмжлөлүүд  байгаа нь  үсэг бичгийн чухал дурсгал юм гэж тус музейн тайлбарлагч онцолж байв.

 

 

Холбоотой мэдээ