Нийтийн тээврийн бүрэн байдлыг хангаагүй 370 зөрчлийг арилгуулжээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-05-21 08:44:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Автотехникийн хаврын үзлэг оношилгоонд нийтийн тээврийн 1848 хэрэгсэл хамрагдах ёстой.  Тавдугаар сарын 19-ний байдлаар, 1400 гаруй тээврийн хэрэгсэл нь үзлэг оношилгоонд хамрагджээ.

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын 2019 оны А/17-р тушаалаар нийтийн тээврийн үйлчилгээний их, дунд, бага оврын багтаамжийн автобус, троллейбус, ажилчдын автобус болон таксийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хянах ээлжит үзлэг оношилгоог гуравдугаар сарын 25-наас тавдугаар сарын 31 хүртэл явуулж байна.

Нийслэлийн тээврийн үйлчилгээний газрын мэдээгээр, техникийн үзлэг оношилгоо 96.7 хувьтай байна. Нийт хамрагдсан техникийн 1311 нь тэнцжээ. Энд үндсэн чиглэлийн 10 автобус, 35 такси тэнцээгүй байна. Техникийн хяналтын үзлэг, оношилгоонд орж тэнцсэн 1356 тээврийн хэрэгслээс 370-ынх нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй зөрчлийг арилгуулсан байна. Ялангуяа, энд нийтийн тээврийн автобусны утааны тортгийг нарийн хэмжин шалгаж стандартын үзүүлэлтээс их байгаа зөрчлийг арилгуулжээ.

Засгийн газрын тогтоолоор нийтийн тээврийн хэрэгсэл техникийн үзлэг, оношилгоог жилд хоёр удаа явуулдаг юм. 

Холбоотой мэдээ