"Нийслэлийн соёлын элч"-ийг иргэдийн саналаар тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-13 18:12:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн 152 хороонд хүүхэд залуучууд, олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах “Нийслэлийн соёл элч”-ийг ажиллуулах журмыг нийслэлийн Соёл, урлагийн газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар хамтран боловсруулаад иргэдийн саналыг авч байна.

“Нийслэлийн соёлын элч” нь боловсрол, соёл, урлаг, спорт, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан, тухайн хорооны иргэдийнхээ хүндлэлийг хүлээсэн, танигдсан, үлгэр дуурайлал болсон 18-аас дээш насны тус хорооны иргэн байх юм. Соёлын элч болсноор,

  • “Хотын соёл”-ыг иргэдэд төлөвшүүлэх,
  • Хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн аюулгүй байдал болзошгүй эрсдэлээс урьдчилан  сэргийлэх,
  • Залуучуудын зөв хандлага, хэвшил,
  • Эрүүл амьдралын хэв маяг, хэвшил,
  • Иргэдийг ажиллаж, амьдарч буй орчиндоо соёлыг түгээхэд нь дэмжлэг үзүүлж ажиллах,
  • Иргэдийн хотын хөгжилд хувь нэмрээ оруулах, хийж бүтээх үйл хэрэг, санал санаачилгыг нь дэлгэрүүлэх, дэмжих,
  • Гэр бүлийн эерэг харилцаа, хандлагын талаар иргэдэд соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах, үлгэр дуурайлал үзүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллана.

Хороодод соёлын элч ажиллуулснаар хүүхэд хөгжил, хамгаалал, залуучуудын төлөвшил, иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэхэд нөлөөллийн үйл ажиллагаа явуулах чухал ач холбогдолтой. Мөн  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн Засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд чухал үр нөлөөтэй гэж үзжээ.

Саналыг энэ сарын 14-ний өдрийн 14:00 цаг хүртэл нийслэлийн Соёл, урлагийн газрын info@nsug.ub.gov.mn цахим хаягаар хүлээн авна.



Холбоотой мэдээ