Ерөнхий сайд У.Хүрэлсүх киноны уран бүтээлчидтэй уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-13 20:01:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх киноны уран бүтээлчидтэй Театрын музейд уулзав.

Уулзалтын эхэнд тэрбээр, бүх нийтийг соён гэгээрүүлэх Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд  кино уран бүтээлчид голлох үүрэгтэй.  Монгол Улсын Засгийн газар уран бүтээлч та бүгдээс дэмжлэг хүсэж байна. Кино урлагийг бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага тулгарсан байна.  Төр оновчтой бодлого хэрэгжүүлэх ёстой. Иймд салбарын уран бүтээлчдийн санал бодлыг сонсож, бодлогын баримт бичигт тусгах нь чухал учир уран бүтээлчидтэй нүүр тулан уулзаж байна гэдгээ хэллээ. Уулзалтын үеэр, Монгол Улсын Засгийн газраас  УИХ-д өргөн мэдүүлээд буй “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн төслийн талаар БСШУСЯ-наас товч танилцуулга мэдээллийг уран бүтээлчдэд өгөв.  

Контентын хулгай, зохиогчийн эрхийн маргаан, үйлдвэрлэгч, түгээгч хоорондын ашиг хүртэх хувь, татварын дарамт, уран бүтээлчдийн нийгмийн хангамж, цалин хөлс, орлогын баталгаатай холбоотой зайлшгүй хуулиар зохицуулах шаардлагатай тулгамдсан асуудлуудыг ихэнх уран бүтээлч дурдаж байв. Иймд кино бүтээхэд оролцогч бүх талыг оролцуулсан салбарын нэгдсэн зөвлөгөөнийг Ерөнхий сайд өөрийн ивээл дор Төрийн ордонд энэ сарын сүүлээр зохион байгуулж нэгдсэн байр сууринд хүрэхээр боллоо.

Холбоотой мэдээ