Б.Отгонсүх: Нэг жилийн настай зам барьдгийг таслан зогсооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-06-15 18:16:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын авто замын ачаалал, зам тээврийн ослыг бууруулах, иргэдийг ая тухтай орчинд амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил нийслэлд өрнөж байна. Тухайлбал, Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц, Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам, Баянзүрхийн гүүр зэргийг нэрлэж болох юм. Дээрх бүтээн байгуулалтын ажлын явцтай өнөөдөр нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх танилцаж, үүрэг өглөө.



Нийслэлд хамгийн их зам тээврийн осол гардаг зам бол Налайхын зам. Энэ замд гарсан ослын улмаас жилд дунджаар 10 хүн амь эрэсдэж, 100 гаруй хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтдэг байна. Тиймээс уг замыг шинэчлэх ажлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлүүлсэн. Тодруулбал, анх тавьснаас хойш 60 жил болж буй Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 2 эгнээ 20.9 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Синохайдро Лимитед Корпорейшн”, туслан гүйцэтгэгчээр Монголын “Тэгштплант”, “Гашууны гол”, “Дардан-Говь” компани ажиллаж байна. Бүтээн байгуулалтын хүрээнд 20.9 км авто замаас гадна Хөлийн голын гүүр,  нүхэн гарц, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, хамгаалалтын аюулгүйн тусгаарлах зурвас, нийтийн тээврийн зогсоол, ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлгийн  ажил өрнүүлэх юм. Одоогоор бүтээн байгуулалт 23 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, ургамлын үеийг зайлуулах, хуучин хатуу хучилтыг хуулах, далангийн хөрсийг тэгшлэх зэрэг ажлыг өрнүүлжээ.



Энэ үеэр нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, “Энэхүү бүтээн байгуулалтад 36.5 сая ам.доллар зарцуулна. Гол замыг энэ оны 11 дүгээр сарын 30-нд ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байгаа. Энэхүү замд мал, амьтны нүхэн гарц барихаар төлөвлөсөн нь нэг онцлог юм. Тодруулбал, Налайх дүүргийн малчин өрхүүдийн мал, Горхи, Тэрэлжийн зэрлэг ан амьтан зам гарч байхдаа автомашинд мөргүүлдэг, түүний улмаас томоохон осол гарах тохиолдол олон байсан. Тиймээс мал, амьтны нүхэн гарц байгуулж буй юм” гэлээ.


Сүүлийн үед тавьсан авто замууд нэг жилийн дотор эвдэрдэг гэсэн шүүмжлэл бий. Тиймээс шинээр тавьж буй авто замын чанарыг сайжруулах зорилгоор НЗДТГ, НМХГ, Нийслэлийн чанар, стандартын газар болон зөвлөх компаниуд бүтээн байгуулалтад өдөр бүр шалгалт хийж байгаа аж. Цаашдаа нэг жилийн настай зам барьдгийг таслан зогсоох болно гэдгийг мөн онцолсон юм.


Энэхүү бүтээн байгуулалтыг өрнүүлснээр Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах боломж бүрдэх юм. Мөн Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын транзит ачаа тээврийг нэвтрэн өнгөрүүлэх чадвар дээшилнэ хэмээн Засгийн газар үзэж буй юм.


Дээрх ажилтай уялдаж буй дараагийн бүтээн байгуулалт нь Баянзүрхийн дөрвөн эгнээ, 281 метр урт гүүр юм.



Мөн л БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй энэхүү гүүрийг “Beijing Uni-Construction Group” компани барьж буй юм. Өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нд эхэлсэн бүтээн байгуулалт эдүгээ 53.8 хувийн гүйцэтгэлтэй байгааг гүйцэтгэгч компанийн удирдлагууд онцолж байлаа. Тодруулбал, гүүрийн 60 шонг бүрэн цутгаж, эхний 159.8 метр дам нурууг барьжээ. Түүнчлэн явган хүний замын 2036 ширхэг болон үерээс хамгаалах далангийн бэхэлгээний хавтан 621 ширхэг хавтанг цутгасан байна. Гүүрийг энэ оны наймдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Энгийн гүүрийг 40-50 метр бариад нэг дам нуруу тавьж, залгадаг байна. Харин Баянзүрхийн гүүр 160 метр бариад нэг дам нуруу тавьж, дараагийн 120 метрийг залгахаараа онцлог гэдгийг нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэллээ.


Гүйцэтгэгч компани Баянзүрхийн гүүрэнд 50 жилийн баталгаа өгч байгаа бөгөөд 100 жилийн баталгаа өгсөн ч буруудахгүй гэдгээ онцолж байв. Түүнчлэн гүүрийн бүтээн байгуулалтад ашиглаж буй зуурмагаас эхлээд бусад материалыг дотоодын компаниудаас худалдан авч буйгаа дурдлаа.


Үүний дараа нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 км замын бүтээн байгуулалтын ажилтай танилцав.



Зуны улиралд нийслэлээс зуслангууд хүрэх авто замуудад ихээхэн ачаалал үүсдэг. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дээрх бүтээн байгуулалтыг 2017 оны зургаадугаар сарын 20-нд “Мотор Сервис” компани эхлүүлжээ. Хатуу хучилттай, 4 эгнээ, хоёр талдаа нийт 2 метр өргөн ногоон байгууламж, 3 метр  өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугам бүхий энэхүү авто замыг тавих газарт нийт 108 аж ахуйн нэгж, иргэний газар орсон байна. Үүнээс 98 нь зөвшөөрөлтэй, 10 нь зөвшөөрөлгүй байжээ. Одоогоор зөвшөөрөлгүй 10 газар болон 97 иргэн, аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлжээ. Харин нэг айл газар чөлөөлөхийг зөвшөөрөхгүй, бүтээн байгуулалтын ажилд саад учруулж буйг гүйцэтгэгч компанийн удирдлагууд онцолж байлаа. Нийт 6.3 тэрбум төгрөг зарцуулж буй энэхүү авто замын гүйцэтгэл 85 хувьтай байгаа аж.


Энэ талаар нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, “Энэхүү бүтээн байгуулалтыг өрнүүлснээр Хайлаас, Долоон буудал, Дарь-Эх орчмын авто замын ачаалал 30 хувиар буурна. Харамсалтай нь зарим иргэд бүтээн байгуулалтад саад учуулж байна. Энэхүү ажил эхлэх үед 4-н айл газар чөлөөлөхийг зөвшөөрөөгүй. Нийслэлийн газрын алба болон холбогдох бусад байгууллагууд хэд хэдэн удаа тухайн айлуудтай зөвшилцөл хийсний дүнд 3 нь газраа чөлөөлсөн. Харин нэг айл огт зөвшөөрөхгүй байгаа. Гэхдээ нийслэлийн холбогдох албаныхан ирэх долоо хоногийн дотор тухайн айлтай дахин зөвшилцөж, газрыг бүрэн чөлөөлөх болно” гэлээ. Мөн тэрбээр газар чөлөөлөх асуудлыг нийслэлийн удирдлагууд ирэх долоо хоногт шийдвэрлэх тул авто замыг ирэх сард буюу Үндэсний их баяр наадам болохоос өмнө ашиглалтад оруулахыг үүрэг болгосон юм.



Мөн тэрбээр Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын гол гүүрийг энэ оны наймдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахыг БНХАУ-ын “China Railway 20 Bureau” группийн удирдлагууд үүрэг болголоо. Ноднин зургаадугаар сард эхэлсэн бүтээн байгуулалтын ажил эдүгээ 62 хувьтай үргэлжилж байгаа нь хэт удаашралтай байгааг тэрбээр шүүмжилсэн.


Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын баг өнгөрсөн сард тус бүтээн байгуулалтын ажилтай танилцсан бөгөөд гол гүүрийг Үндэсний их баяр наадмын өмнө нээхийг үүрэг болгосон ч ажил хэрэг болгохгүй байна хэмээсэн юм.



Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэх ба Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 4 эгнээ, 470 м урт, 16.5 метр өргөн байх юм. Мөн Зүүн хойд талд үндсэн гүүрнээс  Нарны зам руу холбогдох “С” хэсэг, Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсэг, Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрээр дамжиж, Их Монгол улсын гудамж руу буух “А” хэсэг багтаж буй юм. Түүнчлэн төмөр зам дээгүүр явган хүний гүүр, Дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдох төмөрбетон гүүр барина. 2017 онд эхэлсэн төсөл удаашралтай байгаагийн бас нэгэн шалтгаан нь гүүр барих чиглэлд байрлаж байсан зарим аж ахуйн нэгж газар чөлөөлөхийг зөвшөөрөөгүй удсантай холбоотой аж.



Энэ талаар нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, “Нийслэлийн удирдлагууд бүхий л боломжийг дайчлан газруудыг бүрэн чөлөөлсөн. Одоо цаг агаар муудахгүй л бол өөр асуудал байхгүй. Санхүүжилт бэлэн, газар бэлэн. Тиймээс ажилтнуудынхаа тоог нэмж, 2 ээлжээр 24 цаг ажиллаж, энэ оны наймдугаар сарын 15-ны дотор ашиглалтад оруулах ёстой. Есдүгээр сард хичээл сургууль эхэлж, нийслэлийн автозамын ачаалал нэмэгдэнэ. Тиймээс иргэдийг ая тухтай зорчих боломжийг бүрдүүлэхийн тулд шахуу ажиллах ёстой юм. Харин ажилтнуудынхаа тоог нэмэхдээ монгол хүн ажиллуулах хэрэгтэй” гэлээ.


Гүйцэтгэгч компани үндсэн гүүр болон С хэсгийг наймдугаар сард, B хэсгийг есдүгээр сард ашиглалтад оруулах боломжтой гэдгээ хэлж байв.

Холбоотой мэдээ