Малавийн түүхэнд эмэгтэй хүн анх удаа парламентын даргаар сонгогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-20 13:38:40

МОСКВА. /TASS/. Малави улсын сөрөг хүчний “Конгрессын нам”-ын удирдагчдын нэг Кэтрин Готани-Хара тус улсын Үндэсний хурал буюу парламентын анхны эмэгтэй дарга болжээ.


Тэрбээр гол өрсөлдөгч болох эрх баригч Ардчилсан дэвшилтэт намын нэр дэвшигч Эстер Чиленжтэй өрсөлдсөний эцэст парламентын 97 гишүүний санал авч ялжээ. Харин түүний өрсөлдөгч 93 хүний дэмжлэг авсан байна. Парламентын даргыг сонгохоос өмнө Үндэсний хурлын шинэ даргаар эмэгтэй гишүүдийн төлөөллөөс сонгогдох ёстой гэдэгтэй улс төрийн бүх нам санал нэгдсэн байжээ.


Кэтрин Готани-Хара нь Малавийн нэртэй улстөрч эмэгтэй юм. 2009-2014 онд парламентын депутат байсан бөгөөд Тээврийн дэд сайд, Эрүүл мэндийн болон Байгаль орчны сайдын албыг хашин, Малавийн Засгийн газрын бүрэлдэхүүнд олон жил ажиллажээ.


Холбоотой мэдээ