Спортын бараа, бүтээгдэхүүнийг гаалийн албан татвараас чөлөөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-06-25 16:18:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Спортын 730 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн албан татвараас чөлөөлөхөөр болжээ.


Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар БСШУСЯ-наас Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.19 дахь хэсэгт заасны дагуу “Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийн жагсаалт”-ыг хэлэлцүүлж дэмжүүлжээ. БСШУСЯ, БТСГ болон Спорт холбоодтой хамтран боловсруулсан уг жагсаалтын дагуу 32 спортын төрлийн олон улсын спортын холбоогоор хүлээн зөвшөөрөгдсөн 730 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн албан татвараас чөлөөлөх юм байна.



Гаалийн ерөнхий газрын мэдээллээр манай улсад жилд дунджаар 40 гаруй тэрбум төгрөгийн спортын бараа, бүтээгдэхүүн импортоор орж ирдэг байна. Үүнээс спортын холбоод 400 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, хэрэглэлийг улсын хилээр оруулж, татварт 60 гаруй сая төгрөгийг төлдөг аж.


Тив болон олон улсын спортын наадмыг эх орондоо зохион байгуулах, спортын олон төрлийг хөгжүүлэхэд Засгийн газрын энэхүү шийдвэр нь томоохон дэмжлэг болно гэж спортын салбарынхан талархаж байна.

Холбоотой мэдээ