“Spirited Away” Хятадын шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2019-06-27 10:54:51

БЭЭЖИН. /AP/. Японы “Spirited Away” анимейшн Хятадад нээлтээ хийсэн долоо хоногтоо шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлж, “Disney” компанийн “Toy Story 4” киноноос хоёр дахин их орлого олжээ.


Хятадын тасалбар худалдааны томоохон хавсралт болох “Maoyan”-ы мэдээлснээр, “Ghibli” студийн уран бүтээл “Spirited Away” 27.7 сая ам.долларын орлого олжээ. Энэхүү анимейшн 2001 онд үзэгчдийн хүртээл болж байсан боловч 18 жилийн дараа Хятадад нээлтээ хийж буй нь энэ ажээ.


Гэсэн хэдий ч Хятадын олон үзэгч уг анимейшнийг “DVD”-гээр болон интернэтээс хууль бусаар татан үзэж байжээ. “Artisan Gateway” фирмийн мэдээлснээр, “Toy Story 4” хүүхэлдэйн кино эхний долоо хоногтоо 13.2 сая ам.долларын орлого олжээ.


Японы алдарт найруулагч Хаяо Миязакигийн “Spirited Away” кинонд Чихиро гэдэг 10 настай охин аав ээжийнхээ хамтаар мартагдсан хүрээлэн рүү орсны дараа ид шидийн ертөнцөд очдог талаар өгүүлдэг юм.


Энэхүү кино үзэгчдийн хүртээл болсноосоо хойш маш олон шагнал хүртсэний зэрэгцээ “Ghibli” студийн хамгийн их ашиг орлого олсон уран бүтээл болжээ. Мөн Оскарын шагнал хүртсэн анхны гадаад хэлээрх анимейшн киногоор шалгарч байжээ. 


Ташрамд дурдахад, "Миний хөрш Тоторо" анимейшн дэлгэцнээ гарснаас 30 жилийн дараа буюу өнгөрсөн онд Хятадад нээлтээ хийсэн билээ. Хятад улс нь үзэгчдэд үзүүлэх гадаадын киноны тоо хэмжээндээ хатуу хязгаар тогтоодог байна. 

Холбоотой мэдээ