Олимпын аварга Монгол Улсын анхны боксчин

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-07-01 14:43:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголоо алдаршуулсан олимпын баатрууд” цуврал нийтлэл, ярилцлагынхаа энэ удаагийн дугаарт Монголын үндэсний олимпын хороо /МУОХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпын аварга, ДАШТ-ий мөнгөн медальт гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууганы тухай толилуулж байна.


Тэрбээр 1985 оны зургадугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. Тэр 13 настайгаасаа дасгалжуулагч Д.Ганзориг /Монгол Улсын гавьяат дасгалжуулагч/-ийн шавь болж боксын спортоор хичээллэж эхэлсэн байна. Э.Бадар-Ууган 10 жил энэ спортоор уйгагүй хичээллэн амжилтаа ахиулсаар, 2008 онд Бээжингийн зуны ХХIХ олимпын наадмаас олимпын аваргын хоёр дахь алтан медалийг эх орондоо авчирж дэлхийн шилдгийн шилдэг тамирчин болсон билээ. Тэрбээр Нийслэлийн 79, 97 дугаар дунд сургуулийг төгссөн. МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн. Өдгөө эхнэр, хоёр охин, хүүгийн хамт тавуулаа амьдардаг. Чөлөөт цагаараа хөгжим сонсох дуртай.


Э.Бадар-Ууган олимпын наадамд анх удаа оролцохдоо, боксын спортоор олимпын алтан медаль хүртсэн анхны тамирчнаар тодорч монголчуудаа баярлуулсан алдартан билээ. Тэр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон зуны XXIX олимпын наадмын боксын тэмцээний 54 кг-д хүч, хурд, ур чадвараа сорихдоо эхний тойрогт Мексик улсын боксчин Оскар Вальдезийг 15:4 -өөр, хоёрдугаар тойрогт Ирландын боксчин Жон Жо Невинийг хоёр удаа хүнд цохилтод /нокдаун/ оруулж 9:2-оор тус тус ялж, дараа нь Ботсван улсын тамирчин Хүмисо Игкополенгийг 15:2-оор илүүрхэн ялсан юм. Хагас шигшээгийн тулаанд Молдова Улсын боксчин Вячеслав Гожаныг 15:2-оор мөн л илт давамгай ялсан.



Олимпын аваргын төлөөх тулаанд БНКУ-ын боксчин Янкиел Леон Аларконыг 16:5 гэсэн онооны зөрөөтэй илүүрхэн ялж “Олимпын аварга боксчин” хэмээх эрхэм хүндтэй цолыг анх удаа Монголдоо авч ирсэн түүхэн гавьяаг байгуулсан билээ.  

                                                                  

Тэрбээр, 2007 онд АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. 2007 оны Ази тивийн аварга, 2005 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, 2006 оны Оюутны дэлхийн аварга, 2006 Азийн наадмын хүрэл медальт, Герман улсад болдог "Химийн цом" А зэрэглэлийн тэмцээний аварга, Монгол Улсын дөрвөн удаагийн аварга /2002, 2003, 2005, 2006 /, 2007, 2008 оны Монгол Улсын шилдгийн шилдэг тамирчин, Турк улсын Ахмад Комертийн нэрэмжит тэмцээний аварга, Чехийн Устина Лабе хотод болдог олон улсын А зэрэглэлийн “Grand Prix” /2007/ тэмцээн, ”China Mobile Cup” /2004/ тэмцээн, Хабаровск хотод болсон ЗХУ-ын баатар К.А.Коротковын нэрэмжит олон улсын тэмцээнээс тус тус мөнгөн медаль хүртсэн.



Олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA/-ноос 2008 оны дэлхийн шилдэг боксчныг шалгаруулахад “Дэлхийн оны шилдэг эрэгтэй боксчин”-оор олимпын аварга Энхбатын Бадар-Ууган шалгарсан юм. Тэр монгол боксчдоос энэ эрхэм хүндтэй шагналыг анх удаа хүртсэн боксчин болж Монголын боксын спортын түүхэнд мөнхөрсөн гавьяатан.


Одоогоос 12 жилийн өмнө “МОНЦАМЭ мэдээ” сонинд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн, өнөөгийн олимпын аварга Э.Бадар-Уугантай хийсэн ярилцлагыг эргэн дурсаж, та бүхэнд толилуулж байна.

              

Арван жилийн дараа дахин ирсэн /1997 онд гавьяат тамирчин Т.Үйтүмэн Будапештын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн/ сонирхогчдын боксын ДАШТ-ий мөнгөн медалийн эзэн болсон тамирчнаа 2007 оны 11 дүгээр сарын 6-нд Олон улсын “Чингис хаан” нисэх онгоцны буудалд монголчууд баяр хөөртэйгөөр угтан авсан билээ.


Тэр үед Дэлхийн аваргын энтэй мөнгөн медальтай эх орондоо ирсэн Э.Бадар-Ууганд боксын спортын А үсэг заасан анхны багш /Өдгөө Монгол Улсын гавьяат дасгалжуулагч/ Д.Ганзориг: Бадар-Ууганы тоглолтод шүүгч нөлөөлсөн. Үүнийг манай хүмүүс телевизээр харсан байх. Ямар ч гэсэн шавь маань маш сайн тоглосон. Дэлхийн аваргын тэмцээнд зургаан удаа тулалдсаны эцэст мөнгөн медаль авлаа. Манай Э.Бадар-Ууган олимпын рингэнд ялалт байгуулж олимпын наадмаас медаль авах юм байна гэсэн итгэлийг бүрэн төрүүллээ. Үнэхээр их хөлс, хүч гаргаж хичээллэсний үр дүн гарч ирж байна. Ирэх олимпын наадамд өрсөлдөх Куба улсын боксчдоос бусад гол тамирчид энэ ДАШТ-д ирсэн” хэмээн ярьсан юм.                                        

Тиймээ, Монгол Улсын гавьяат тамирчин болсон Э.Бадар-Ууганд монголчууд ихээхэн итгэл, найдлага хүлээлгэж байгаа юм. Энэ удаагийн ДАШТ-д оролцсон 123 орны 565 боксчдоос манай боксчид 10 дугаар байр эзэлсэн амжилт нь Монголд энэ спорт ямар түвшинд хүрсэн гэдгийг харуулсан билээ.



Тухайн үед Спортын төв ордны боксын зааланд үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэл хийж байхад нь очиж энэ /2007/ онд дэлхий, тив, олон улсын тэмцээнүүдээс медалийн хур буулгасан амжилтаараа Монголынхоо тамирчдыг манлайлж яваа Э.Бадар-Уугантай уулзлаа.                                                                                   

-Хэдэн жил боксоор хичээллэж байгаа вэ?    

                                                              

-1998 онд 13 наснаасаа эхэлж хичээллэсэн гэхээр долоон жил гаруй болчихжээ.     


-Танай аав, ээж чинь аль нутгийнх, ямар мэргэжилтэй улсууд вэ?         


-Аав, төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, хуульч мэргэжилтэй. Ээж маань сувилагч мэргэжилтэй. Би  ч хотод төрсөн болохоор Улаанбаатарынх юм даа хэмээн ярилцлага өгч байлаа.  


        

Тэр үед боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан /Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч/ Д.Банди агсан Э.Бадар-Ууганы тухай юу хэлж байсныг эргэн дурсъя.


“Удахгүй  2008 он гарах гэж байна. Бээжингийн олимпын наадмаас медаль авахын төлөө бүх хүчээ дайчилж, бэлтгэл сургуулилтаа чанартай, шургуу хийж байгаа. Манай Бадар-Ууганы онцлог давуу тал  гэвэл хараа хурц, хөдөлгөөний эвсэл болон мэдрэмж маш өндөр, хурдтай, цохилт нь хүчтэй. Түүний биеийн өндөр 174 см болохоор жиндээ чацтай тамирчинд тооцогддог. Бэлтгэлийг чанартай сайн хийдэг нь түүний бас нэг давуу тал юм” хэмээн ярьж байв.


Мөн тэр үед өнөөгийн олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар Ц.Сэрдамба найзынхаа тухай: “Би Бадар-Уугантай хамт багаасаа боксоор хичээллэж байгаа. Бид хоёр хоорондоо алдаа оноогоо ярилцдаг. Бадраа дандаа  миний алдааг хэлж өгдөг. Түүний их уйгагүй, дайчин чанар нь их таалагддаг” гэсэн бол Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт Б.Түвшинбат: “Бадраа маань их нөхөрсөг, алиа марзан зантай, нөхдөө дандаа хөгжөөж байдаг. Бэлтгэлээ үнэн сэтгэлээсээ чанартай хийдэг. Харин жин бага хасдаг болохоор түүнд амжилт гаргахад илүү дөхөмтэй байдаг болов уу. Түүнийг би их амжилт гаргана гэдэгт итгэдэг” хэмээн ярьж байсан юм.



Тиймээ, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Бадар-Ууган одоогоос 11 жилийн өмнө буюу 2008 онд өөрийн жингийн дэлхийн шилдэг боксчдоос хүч, ур чадвараар илүү гэдгээ харуулан Бээжингийн олимпын аварга болж, 2008 оны “Дэлхийн шилдэг боксчин”-гоор шалгарч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн билээ. Харин Э.Бадар-Ууганыг олон жил шаналгасан /2006 оноос/ нурууны зөөлөн эдийн гэмтэл нь түүнийг “Лондон-2012” олимпын наадамд хүчээ сорих боломжгүй болгосон билээ.


                    

Олимпын аварга Э.Бадар-Ууган өдгөө Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Түүнтэй албан өрөөнд нь уулзаж цөөн хором ярилцсан юм.


Монголын тамирчид олимпын наадмаас анх удаа медаль хүртсэний 50 жил, Монголд боксын спорт үүсэж хөгжсөний түүхт 70 жилийн ой өнгөрсөн 2018 онд тохиосон. Таны сэтгэгдлийг сонсъё?



-Тиймээ, “Мехико-1968” зуны олимпын наадмаас чөлөөт бөхийн тамирчид 4 медальтай эх орондоо ирснээс хойш манай тамирчид 2 алт, 10 мөнгөн медаль, 14 хүрэл медаль, нийтдээ 26 медалийг 25 хүн хүртсэн байна. 2018 оны 12 дугаар сард Монгол Улсад Боксын спорт үүсэж хөгжсөний түүхт 70 жилийн ойг Монголын үе үеийн боксчид, монголчууд өргөн дэлгэр тэмдэглэсэн. Мөн Н.Энхбат ах “Сөүл-1988” олимпын наадмаас хүрэл медаль хүртсэний 30 жил, манай боксчдоос олимпын алт, мөнгөн медаль хүртсэний 10 жилийн ой бас тохиосон юм. Энэ түүхт ойгоо угтан манай боксчид “Жакарта-2018” Азийн 18 дугаар наадмаас алт, мөнгөн медаль хүртэж бэлэг барилаа. Олимпизмыг дээдлэгч монголчууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Ирэх онд Япон улсад болох Токио-2020” зуны олимпын наадамд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, олон алт, мөнгө, хүрэл медальтан төрнө гэдэгт итгэлтэй байна.                        

Холбоотой мэдээ