Тарваганы мах тээвэрлэж явахгүй байхыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Зэрлэг ан амьтан агнах, барих, ашиглах, тэдгээрийн гаралтай түүхий эдийг бэлтгэх, боловсруулах, худалдах, худалдан авах, бусдад шилжүүлэх үйл ажиллагаанд Монгол Улсын "Амьтны тухай хууль"-ийн дагуу Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шат дараатай хяналт тавьж байна.
Зуны дэлгэр цаг үргэлжилж тарваган тахал өвчний идэвхжилтийн цаг эхэлсэнтэй холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Жаргалант сумын ЗДТГ, "Зооноз өвчин судлалын төв"-ийн эмч, мэргэжилтнүүдийн хамтарсан ажлын хэсэг орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэсэн нийтийн зорчигч тээврийн автобусанд зорчиж байгаа иргэдийн ачаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж буй. Ажлын хэсгийнхэн нэг сарын хугацаанд тогтмол хяналт тавьж ажиллана.
Тарваганы мах, нойтон тулам нууцаар тээвэрлэвэл “Зөрчлийн тухай хууль”-ийн дагуу иргэнийг 300 мянга, хуулийн этгээдийг гурван сая төгрөгөөр торгох бөгөөд Засгийн газрын 2011 оны 23 тоот тогтоолоор баталсан "Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-г хоёр дахин өсгөж нөхөн төлүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авах юм.
Иймд иргэд хөдөө орон нутагт амарч, аялахдаа тарваганы түүхий мах, эд эрхтнийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, үхсэн сэг зэмтэй харьцахгүй байх, тарваганы мах, нойтон тулам нууцаар тээвэрлэж явахгүй байх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулав.
