М.Чавушоглу: “С-400” пуужингийн систем НАТО-д ямар ч асуудалгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-31 11:31:52
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. ОХУ-ын “С-400” пуужингийн систем НАТО-д ямар ч асуудал үүсгэхгүй гэж Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу мягмар гарагт мэдэгджээ.


“Бид НАТО-той ямар ч асуудалгүй. Пуужингийн систем НАТО-д ямар ч асуудалгүй гэдэг нь НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдлээс тодорхой харагдаж байна” гэж тэрбээр Тайландад болж буй Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ 52 дугаар уулзалтын үеэр мэдэгдсэн байна.


“Турк НАТО-гийн үйл ажиллагаанд олон талаар хувь нэмэр оруулж байгаа. Пуужингийн асуудлыг НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр сөхөж байгаагүй" гэж М.Чавушоглу мэдэгдээд, “С-400” пуужингийн систем Турк-НАТО-гийн харилцааны асуудал гэхээсээ илүүтэй Турк-АНУ-ын харилцааны асуудал болоод байгааг цохон дурдсан байна.


ОХУ-ын "С-400" системийг Турк худалдан авах болсноор тус улс болон АНУ-ын хооронд маргаан үүсэж, үүнтэй холбоотойгоор АНУ Турктэй байгуулсан "F-35" сөнөөгч онгоц худалдах гэрээг цуцална гэж сүрдүүлжээ.


НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг энэ асуудлаар санал бодлоо илэрхийлэхдээ, "Турк ямар шийдвэр гаргах нь тэдний асуудал" гэж хэлсэн байна.

Холбоотой мэдээ