Чулуут сумын уяачдын холбоо "Шигшмэл хурд-2021 "наадмыг зохион байгуулах эрх авлаа

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-08-01 15:44:01
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн шилдэг уяач, аварга хүлэг шалгаруулах бага насны "Шигшмэл хурд-2019" наадам долдугаар сарын 28-нд Цэнхэр сумын Өргөөтийн талд болов.
Бага насны "Шигшмэл хурд-2019" наадмын шилдэг уяачдын холбоогоор Чулуут сумын уяачдын холбоо шалгарч, 2021 оны шигшмэл хурдыг зохион байгуулах эрх авчээ.
Архангай аймгийн шигшмэл хүлгүүд, шилдэг уяачдыг тодруулах, цаашлаад нутгийн хурдан морины удам угшлыг сайжруулах зорилгоор УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар эл наадмыг санаачилж аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан юм.
Хурдан хязаалангийн уралдаанд, Чулуут сумын уяач С.Мэндбаярын хүрэн түрүүлж, аман хүзүүнд Төвшрүүлэх сумын уяач Б.Энхбадрахын хүрэн, айргийн гуравт Ихтамир сумын уяач Н.Батбаярын хүрэн, айргийн дөрөвт Эрдэнэмандал сумын уяач Наранбаатарын хээр, айргийн тавд Хотонт сумын уяач Н.Нямлхагвын хээр тус тус хурдлав.
Хурдан шүдлэнгийн уралдаанд, Өндөр-Улаан сумын уяач О.Ванданцэрэнгийн хээр түрүүлсэн бол Чулуут сумын уяач Н.Булгантамирын зэгээн цавьдар аман хүзүүнд, Чулуут сумын уяач Н.Булгантамирын буурал айргийн гуравт, Төвшрүүлэх сумын уяач Д.Батмөнхийн хээр айргийн дөрөвт, Батцэнгэл сумын уяач Г.Батбаярын од хүрэн айргийн тавд хурдалжээ.
Хурдан дааганы уралдаанд, Өгийнуур сумын уяач Д.Дэлгэрнасангийн хүрэн түрүүлж, Батцэнгэл сумын уяач Г.Батбаярын зээрд аман хүзүүдэв. Айргийн гуравт Хашаат сумын уяач С.Алтансүхийн сартай хүрэн, айргийн дөрөвт Өндөр-Улаан сумын уяач О.Ванданцэрэнгийн хонгор, айргийн тавд Төвшрүүлэх сумын уяач Б.Энхбадрахын хүрэн тус тус хурдалжээ.
Хүчит бөхийн барилдаанд 32 бөх зодоглосноос Хотонт сумын харьяат, аймгийн арслан Л.Жамбал түрүүлж, Батцэнгэл сумын харьяат, аймгийн арслан Б.Зоригтбаатар үзүүрлэлээ.
Бага насны "Шигшмэл хурд-2019" наадмаар шагайн харваанаас гадна адуучдын дунд уурга шүүрэх, хос морьдын тэмцээнийг зохион байгуулсан нь наадамчдын сонирхлыг татжээ.
Холбоотой мэдээ