“Цайны зам” өв соёлын II наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-05 15:07:52

Ховд /МОНЦАМЭ/.“Цайны зам” өв соёлын II наадам  энэ  сарын 13-наас 16-ны өдөр Ховд аймагт  болно. 

Тус аймгийн 17 суманд алтайн урианхай, дөрвөд, захчин, мянгад, өөлд, торгууд, халх, хошууд, казах, тува зэрэг 10 гаруй угсаатан аж төрж байна.

Эдгээр угсаатны соёлын биет  болон биет бус өв,  язгуур урлаг, цайны соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, сурталчлах, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Цайны зам” өв соёлын наадмыг  хоёр дахь  жилдээ  зохион байгуулах аж.

Наадмын  хүрээнд  тэмээн жин, монгол нүүдэл үйл ажиллагаа, адуучин тэмцээн, бэсрэг наадам,  угсаатны цай чанах ёслол, язгуур урлаг тоглолт, уран нугаралт  зэрэг үндэстэн, угсаатны уламжлалт соёлыг  шингээсэн  сонирхолтой үзүүлбэр болно.  

Түүнчлэн Манхан сум дахь Гурван Сэнхэрийн агуйтай танилцах аялал, “Тууль цуурын II наадам”, “Цайны зам” эрдэм шинжилгээний II бага хурал зохион байгуулна.   

Цайны соёл Европ, Орост  нэвтэрснээр цайны хэрэглээ өсөж, дөт замаар цай авах боломж нь Монгол орноор дамжуулан авах байжээ. 

Цайны зам бол худалдааны орлогын хувьд  Торгоны замын дараа орох хоёрдугаар чухал зам байв.  Хоёрдугаар зам гэдэг нь  Хөх хот-Улиастай-Ховд-Цагаануур-Бийск гэсэн Баруун хязгаарыг  чиглэсэн зам  аж. Цайны замуудын нэгээхэн  түүх нь Ховд аймгийн  төвөөр дайран өнгөрч байсан юм. 

 

Холбоотой мэдээ