ИНФОГРАФИК: Ус бохирдуулсны төлбөрт 3.8 тэрбум төгрөг төвлөрнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-20 13:19:02
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын энэ хаврын чуулганаар баталсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлснээр төсөвт 3.8 тэрбум төгрөг төвлөрч, усны нөөц хамгаалах, бохирдол арилгахад зориулахаас гадна 50-иас доошгүй хувийг нь цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засварын ажилд зарцуулна.


УИХ-ын энэ оны хаврын чуулганаар баталсан хууль, тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг УИХ-ын Тамгын газраас цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг танилцуулж байна.


Монгол Улсын Засгийн газраас ноднин хоёрдугаар сарын 9-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг өргөн барьсан. Тус хуулийг  энэ оны УИХ-ын чуулганы тавдугаар сарын 2-ны хуралдаанаар хэлэлцэж, баталсан бөгөөд зургаадугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн юм.


Монгол Улс сүүлийн жилүүдэд хотжиж, үйлдвэржсэнтэй холбоотой хүний нөлөөгөөр усны чанар доройтож, экосистемд сөрөг нөлөөлөл үзүүлэх болсон. Ингэснээр, байгаль орчин төдийгүй хүний амьдрах орчин, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж байна. Тиймээс хаягдал усны бохирдлын хэмжээг үе шаттай бууруулахын тулд цэвэрлэх байгууламж ашиглан усыг стандартын түвшинд цэвэрлэж байгаа аж ахуй нэгжийг бодлогоор дэмжих, ус бохирдуулсны төлбөрийн системийг бий болгож хэрэгжүүлэх шаардлагатай болсон юм.



Хуулийг баталснаар, хаягдал усан дахь бохирдлыг үе шаттай бууруулж, улмаар байгаль орчинд учруулж буй сөрөг нөлөөллийг багасгах, усыг зүй зохистой дахин ашиглах, үүнд чиглэсэн техник технологийг нэвтрүүлэх, усны зүй зохистой хэрэглээг нэмэгдүүлэх, хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг бууруулах зэрэг ач холбогдолтой. Хуулийг хэрэгжүүлэх төрийн байгууллагын чиг үүргийг тодорхой болгож, хаягдал усыг байгальд шууд нийлүүлж байгаа этгээдтэй ус бохирдуулсны төлбөр ногдуулах гэрээ байгуулж, биелэлтэд нь хяналт тавих эрхийг сав газрын захиргаанд олгохоор шинээр тусгасан нь хуулийн хэрэгжих үндсэн суурь нөхцөлийг бий болгосон байна. 


Хуулийг хэрэгжүүлснээр, улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрөөс нэг тэрбум, нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум, нийт 3.9 тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гарч байна. Харин усны төлбөрийн орлогыг усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах бөгөөд орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахыг хуульчилж өгсөн. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг дагаж, Усны тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.

Холбоотой мэдээ