ОХУ-ын Цэргийн дуу бүжгийн чуулга Сүхбаатарын талбайд тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-08-22 14:38:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Цэргийн дуу, бүжгийн чуулгынхан шинэ бүрэлдэхүүнтэйгээр  Монгол Улсад  ирж, наймдугаар сарын 28-нд Д.Сүхбаатарын талбайд тоглоно.

Гурван жилийн өмнө ОХУ-ын "Ту-154" агаарын хөлөг Сири руу нисэх замдаа халдлагад өртөж, сүйрэхэд дэлхийд алдартай, А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Цэргийн дуу, бүжгийн чуулгын 68 уран бүтээлч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэдний дунд тус чуулгын хамгийн алдартай уран бүтээлчид байсан бөгөөд Сири дэх “Хмеймим” агаарын цэргийн баазын цэрэг дайчиддаа шинэ жилийн мэнд хүргэж, урам зориг, эрч хүч, сэтгэлийн тэнхээ хайрлах тоглолт хийхээр зорьж явжээ. Дэлхийн сая, сая шүтэн бишрэгчдэд харуусал үлдээн одсон энэ ослоос хойш тус чуулга баг бүрэлдэхүүнээ залуу уран бүтээлчдээр нөхөж, дэлхийн олон улсад тоглолтоо хийж байна.

Энэ удаагийн  тоглолт Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулагдаж байгаа юм. А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Цэргийн дуу, бүжгийн чуулга Монгол Улсын Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэхэд маш их нөлөө үзүүлсэн гэж үнэлэгддэг.

Монголд тус чуулгын уран бүтээлчид 1964 онд хүрэлцэн ирэхдээ, Монголын уран бүтээлчдэд дэлхийн сонгодог бүжгийн эргэлт, үсрэлт, бие даасан номерыг заан сургасан. Мөн “Цэргийн нөхөрлөл” бүжгийг монголчуудад зааж өгч байв. Энэ бүжгийг Монгол Улсын Цэргийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид өнөөдрийг хүртэл урын сандаа хадгалж, бүжиглэсээр  байна. 1978 онд А.В.Александровын чуулгын 50 жилийн ой тохиох үед Монгол Улсын Цэргийн дуу, бүжгийн чуулгын дарга н.Батбаяр оролцохдоо, Оросын чуулгын уран бүтээлчдийн бэлтгэлийг ажиглаж, харсан үзсэнээ Монгол Улсынхаа уран бүтээлчдэд зааж сургажээ.

А.В.Александровын чуулгыг Монгол Улсад ирэх хүртэл манай улсад эрэгтэй гоцлол эргэлт, үсрэлттэй номертой бүжигчингүй байсан гэдэг. 1980-аад онд тус чуулгад 22 жил бүжиглэсэн уран бүтээлч, орос багш Монголд хоёр жил ажиллахдаа цэргийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлж, мэргэжлийн өндөр түвшинд хүрэхэд нөлөөлжээ.


Холбоотой мэдээ