"Сарлаг-Үндэсний нөөц баялаг” сарлаг үржүүлэгчдийн улсын зөвлөгөөн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-08-22 15:52:04

Архангай /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас санаачлан Монголын Бэлчээр ашиглагчдын холбоо, “Нэг Архангай шинэ хөгжлийн тэмүүлэл” НҮТББ-тай хамтран “Сарлаг-Үндэсний нөөц баялаг” сэдвийн хүрээнд сарлаг үржүүлэгчдийн улсын зөвлөгөөнийг Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо энэ сарын 18-ны өдөр зохион байгууллаа. 

Сарлаг үржүүлэгчдийн улсын зөвлөгөөний хүрээнд сарлагийн тархалтын хүрээг өргөтгөх, үржил, селекци, маллагааны арга технологийг оновчтой зохион байгуулах, төлөвлөх, сарлагийн сүү, мах, хөөвөр, хялгас бэлтгэл, удмын санг хамгаалах, үүлдэрлэг байдлыг сэргээн сайжруулах талаар хэлэлцүүлэг явуулж байна.

Мөн үндэсний үйлдвэрүүдийг сайн чанарын сарлагийн ноос, хөөвөр, хялгасаар хангах, эрчимжүүлсэн арга, технологийг нэвтрүүлж сарлагийн сүү, мах, хөөвөр, ноос, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, зөв оновчтой шийдэл гаргах арга замыг эрэлхийлэх юм.

Зөвлөгөөнд ХХААХҮЯ, МУСҮТ, ХААИС, МААЭШХ, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн, Архангай аймаг дахь өндөр уулын бүсийн хүрээлэн, Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Өвөрхангай, Завхан, Увс, Хөвсгөл, Ховд аймгийн ХХААГ болон зарим сумын мал аж ахуйн салбарын мэргэжилтнүүд, малчид, саальчид, Монголын мал зүйч үржүүлэгчдийн холбоо, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Сарлаг нийгэмлэг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Архангай аймгийн саальчдын холбоо, салбарын эрдэмтэн судлаачид, орон нутгийн мэргэжлийн байгууллага, мэргэжлийн холбоод, малчдын төлөөлөл оролцсон юм.


Холбоотой мэдээ