Хөгжлийн бэрхшээлтэй 22 иргэн, зорилтот бүлгийн 70 хүүхдэд хүмүүнлэгийн багц олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-30 14:21:54

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвд 22 иргэн асран хамгаалуулж байна.

Эдгээр иргэдийг дэмжих зорилгоор Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага /ДОУЭБ/-ын хамт олон санаачлан хүмүүнлэгийн ариун цэврийн багц гардуулан өгөв. 

Мөн тус байгууллагын гишүүн, сайн дурын ажилтнууд Ховд аймгийн Жаргалант сумын зорилтот бүлгийн өрхийн 70 хүүхдэд  энэхүү  хүмүүнлэгийн багцыг олгов. 

Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага нь 1993 оноос эхлэн Монгол Улсын хэмжээнд хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж байна.   

Мөн тэргэнцэр болон дагалдах хэрэгсэл хандивлах, эмнэлэг, сургууль, цэцэрлэгт тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг хүмүүнлэгийн ажил хийж, улмаар хүнсний аюулгүй байдал ба хадгалалт, гамшгийн үед авах хариу арга хэмжээ, ярианы англи хэл, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний талаарх сургалт тогтмол зохион байгуулдаг аж.



Холбоотой мэдээ