Орос, Монголын хамтарсан телевизийн кино гарахад бэлэн болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халх голын байлдаанд ялсны 80 жилийн ойн баярын хүрээнд Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз /МҮОНРТ/, ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран баримтат кино бүтээсэн нь үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.
Энэ талаар МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, Хил хамгаалах ерөнхий газрын зөвлөх, хурандаа, төслийн зургийн дарга Д.Баасанжаргал, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, хошууч, төслийн түүхийн зөвлөх Т.Сүхбаатар болон төслийн арын албаны уран бүтээлчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус кино цувралын нээлт ирэх есдүгээр сарын 2-нд 18.00 цагт Зайсан Хилл цогцолборт болно. Үүний дараагаар МҮОНРТ-ийн 1,2-р сувгаар шууд цацагдах юм байна.
Тус киног МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц санаачлан, ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран ажиллах гэрээг 2019 оны тавдугаар сарын 8-нд Москва хотноо зурснаар Халх голын дайны сэдэвт дөрвөн ангит баримтат кино болон телевизийн дөрвөн цуврал нэвтрүүлгийн төслийг албан ёсоор эхлүүлжээ. Төслийн хүрээнд Монгол, Оросын 40 орчим уран бүтээлчид хамтран ажилласан байна. Энэхүү цуврал дөрвөн ангит баримтат кинонд Халх голын дайны өмнөх нөхцөлүүд, дэлхийн томоохон гүрнүүдийн ашиг сонирхол, зөрчил тэмцэл, геополитик зэргээс гадна хил орчмын өдөөн хатгалтаас өгсүүлээд шийдвэрлэх тулалдаан зэргийг бүгдийг өгүүлжээ. Нэгдүгээр ангид, Халх голын байлдаан эхлэхийн өмнөх үеийн дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн улс төр эдийн засгийн ашиг сонирхол, геополитик, бие биенээ тагнан турших ажиллагаанууд, япончуудын алс дорнодод довтлон орох нууц төлөвлөгөөнүүд, хувилбарууд
баргууд болон хятадууд, атаман Семёновын цагаантны үлдэгдлийг япончууд тагнан турших, хорлон сүйтгэх ажиллагаандаа хэрхэн ашигласан гэх мэт баримтууд багтсан байна.
Хоёрдугаар ангид, дайны эхэн үеийн Монгол, Зөвлөлтийн цэргүүдийн байдал, үйл ажиллагаа, Халх гол, Буйр нуур дээрх агаарын тулалдааны нөхцөл байдал, Баянцагааны нуруун дахь танкийн тулалдаан, ЗХУ-ын баатар Яковлёвын тухай, шархадсан цэргийг хэрхэн эмчилдэг, зөөдөг байсан тухай, гуравдугаар ангид, Халх голын шийдвэрлэх тулалдаан болон Монгол зөвлөлтийн цэргүүдийн байгуулсан баатарлаг гавьяаны тухай, дөрөвдүгээр ангид энэ дайнаас төрсөн баатруудын тухай өгүүлнэ.
Мөн энэ дайн дэлхийн 2-р дайнд хэрхэн нөлөөлсөн тухай ч үзэгчдэд хүргэнэ.
Халх голын байлдааны түүхт 80 жилийн ойд зориулан хоёр орны уран бүтээлчдийн хамтран бүтээсэн тус кино нь тухайн үеийн түүх, болсон үйл явдлыг орчин үеийн кино, техникийг ололтыг ашиглан Зөвлөлт-Монголын дайчдын халуун амь, бүлээн цусаа урсган байж хамгаалсан баатарлаг гавьяаг мөнхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болох юм.