Хэнтий аймагт Ш.Гонгор баатрын хөшөөг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх баяр Хэнтий аймгийн Чингис хотод болж, Халх голын байлдаанд гавьяа байгуулсан БНМАУ-ын баатар Ш.Гонгорт зориулсан дурсгалын хөшөөг өнөөдөр нээжээ.
Хөшөөний нээлтэд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир тэргүүтэй БХЯ-ныхан, ЦДБЭЧ, Монгол цэргийн музей, Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн оролцлоо.
Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж "Хэнтий аймгийн ард иргэдэд Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Өнөөдөр Хэнтий аймгийн ЗДТГ-ын санаачилгаар БНМАУ-ын баатар Ш.Гонгорын хөшөөг нээх ёслол боллоо. БНМАУ-ын хамгийн анхны баатар бол Ш.Гонгор. Халх голын байлдааны ар талын бааз, хангалтын үйл ажиллагааг зохион байгуулж байсан аймаг бол яах аргагүй Хэнтий аймаг юм. Халхын голын байлдааны ялалтын 70, 75 жилийн ойн баярыг мөн энэ аймгийнхан ёслол төгөлдөр тэмдэглэж байсан түүхтэй" гэв.
БНМАУ-ын баатар Ш.Гонгорын зээ дүү, өндөр настан Л.Баатаржав "Миний ахын байгуулсан алдар гавьяаг өнөөдөр дурсан санаж байгаад тун баяртай байна. Аймгийнхаа ЗДТГ-ын удирдлагуудад маш их баярлалаа. Миний ах олондоо нэр хүндтэй, анчин хүн байлаа. Ахын маань гэрэлт хөшөө царай төрхтэй нь адилхан байна. Монгол Улсын төр засаг баатруудаа хэзээ ч мартаж болохгүй. Эх орныхоо төлөө амиа үл хайрлан тэмцсэн олон мянган баатраа битгий мартаарай” хэмээн талархлаа илэрхийлсэн байна.