Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг энэ хавар эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-04-07 15:05:09

Шийдлийн Засгийн газраас долоо хоног бүр зохион байгуулдаг “Сайдын цаг” уулзалтад өнөөдөр Зам тээврийн сайд М.Зоригт оролцлоо. 

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт 75.1 хувийн гүйцэтгэлтэйгээр төлөвлөгөөнөөс 6.3 хувийн хурдацтай явж, барилгын ажлыг ирэх оны нэгдүгээр сард багтаан дуусган, тавдугаар сард ашиглалтад өгнө гэдгийг онцлов. 
Үүнээс гадна Монгол Улс, БНХАУ-ын хооронд шинээр агаарын зам нээж, Хятадын дотоодын нислэгүүдийг Монголын агаарын зайгаар дамжин өнгөрүүлэх талаар тохиролцсон гэлээ. Энэ нь манай улсын агаарын навигацийн үйлчилгээний чанар, аюулгүй ажиллагаа олон улсын түвшинд үнэлэгдэж байгааг илтгэх үзүүлэлт төдийгүй дамжин өнгөрөх нислэгийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Монгол Улс дээгүүр дамжин өнгөрснөөр Хятадын агаарын тээврийн хөлгүүд цаг, түлш хэмнэх боломжтой аж. Одоогоор Хятадын дотоод нислэгийн 1700 гаруй хөлөгт үйлчилгээ үзүүлээд байгаа бөгөөд ид оргил ачааллын үед 5000-6000 агаарын хөлөгт үйлчилнэ гэж төлөвлөж байгаа юм байна. 
Түүнчлэн баруун аймгууд руу хийх нислэгийн үнийг 40 хүртэл хувиар бууруулах зорилгоор энэ сарын 16-наас эхлэн МИАТ ХК болон “Аэромонголиа” ХХК-иуд хамтран Улаанбаатар-Ховдын чиглэлд Боинг 737-800 маркийн онгоцоор нисэх болсон юм. Ингэхдээ Ховдод Боинг-оор очсон зорчигчдыг Фоккер-50 онгоцоор Баян-Өлгий, УВС, Завхан зэрэг зэргэлдээх аймгуудад хүргэнэ. Хэрэв энэ ажил амжилттай өрнөвөл зүүн аймгуудад ийм төрлийн нислэг үйлдэх аж. 
Мөн 2008 онд гүйцэтгэхээр гэрээ байгуулсан ч найман жил гацсан Говь-Алтай, Завхан аймгийн нисэх буудлын хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далангийн барилгын ажлыг эрчимжүүлж, наадмаас өмнө ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж эхэлжээ. 
Төмөр замын салбарт Төмөртэй-Хандгайт чиглэлийн 33.4 км төмөр замын тээвэрлэлтийг эхлүүлсэн. Энэ төмөр замын суурь бүтэц, зураг, ТЭЗҮ гээд бусад барилга байгууламжийн ажлыг 100 хувь монголчууд өөрсдөө барьснаараа онцлогтой юм. Үүгээр монголчууд өөрсдөө төмөр зам барьж байгуулах чадвартай болсныг харуулж байна гэж М.Зоригт сайд онцлов. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ хавар эхлүүлж, ирэх онд дуусгана гэж мэдэгдэв. Одоогоор тус төмөр замын суурь бүтэц, гүүрийн ажлыг хийж дуусгаад байгаа аж. 
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван улсыг дамнасан төмөр замын дамжин өнгөрөх транзитийн хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцжээ. Тиймээс ирэх 5 дугаар сард энэхүү хэлэлцээрийг батлахаар төлөвлөсөн байна. 
Автозамын салбарт энэ онд 30 чиглэлийн 3203.55 км авто зам болон долоон байршилд 1346.6 метр төмөр бетонон гүүр барих бөгөөд зам барилгын бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 18-нд нэгэн зэрэг эхлүүлэх аж. Энэ ажлыг хийж гүйцэтгэснээр 18 аймаг, 38 сум, хилийн 3 боомтыг хатуу хучилттай замаар холбож дуусгах юм байна. 

Ийнхүү мэдээлэл хийж дууссаны дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийг хэрхэн шийдэх вэ?
-Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замын хэлэлцээр амжилттай явж байгаа. Засгийн газар зураг төслийг тогтоосон. Санхүүжилтийн хувьд асуудалгүй. Хамгийн гол нь БНХАУ-тай огтлолцлын цэгээ тогтох, ТЭЗҮ-г нарийвчилж боловсруулах ажлууд байна. 

-АСЕМ-ын зочдод үйлчлэх машин бэлэн болсон уу?
-Үнэ тарифтай холбоотой хэл ам гарсан. Гэтэл 4,5-хан төрийн тэргүүнд зориулсан аюулгүй байдлыг сахин хамгаалах, сум нэвтрэхгүй машин авсан. Дээр нь цагдаагийн байгууллагад 50 приус машин аваад байна. Өндөр түвшний зочдод төрийн үйлчилгээний унаа тэргээр үйлчилнэ. Мөн манай зарим залуучууд өөрсдийн машинаа үйлчилгээнд явуулах санал гаргасан. Тиймээс монголчууд АСЕМ-ыг зохион байгуулахдаа үр дүнгүй зардал гаргахгүй байгаа шүү.

-АСЕМ-ийн үеэр Хөшгийн хөндийг ашиглах боломж бүрдэхгүй юу?
-Анхнаасаа ашиглах төлөвлөгөөгүй байсан. Тиймээс “Чингис хаан” онгоцны буудалд бууж суух замыг чангатгах онгоцны зогсоолыг өргөтгөсөн. Хоёрдугаарт АСЕМ-тай холбогдуулж хоёр хоног дотоодын нислэгийг “Чингис хаан” онгоцны буудлаас нисгэхгүй. Харин Налайх дүүргийн цаана байрлах Цэргийн онгоцны буудал дээрээс нисгэж буулгахаар төлөвлөсөн.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ
 

Холбоотой мэдээ