Кабулд болсон дэлбэрэлтийн улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-09-03 12:41:53

КАБУЛ. /The Guardian/. Афганистанаас таван сарын дотор 5000 гаруй цэргээ татах тухай хэлэлцээрийн талаар АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилзад даваа гарагт мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа томоохон дэлбэрэлт болжээ. 


Афганистаны нийслэл Кабул хотод болсон уг дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээсэн байна. Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, уг халдлагын улмаас 5 хүн амь үрэгдэж, 50 орчим хүн шархадсан бөгөөд цаашид амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байгаа ажээ. 


Уг мэдэгдлээс хэдэн цагийн дараа нэгэн төлөөлөгч "Associated Press" агентлагт мэдээлэхдээ, амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэн 16 хүрч, 119 хүн шархадсан гэжээ. Автомашинд тэсрэх бөмбөг тээн уг халдлагыг үйлдсэн хэмээн Афганистаны олон нийтийн хэвлэлийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. 


"АНУ-ын төлөөлөгчид болон "Талибан" хөдөлгөөний босогчдын өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн гэpээний төслийн дагуу Афганистанаас 20 долоо хоногийн дотоp 5400 цэpгээ татна" гэж АНУ-ын тусгай төлөөлөгч З.Халилзад мэдээлсэн бөгөөд талууд цаашид хэлэлцээгээ үргэлжлүүлэх ажээ. 

Холбоотой мэдээ