Японы “Mitsubishi Aircraft” компани их хэмжээний захиалга авсан байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-07 10:22:32
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /NHK/. Японы нисэх онгоц үйлдвэрлэгч “Mitsubishi Aircraft” компани АНУ-ын агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч “Mesa Airlines” компанитай 100 ширхэг “SpaceJet” нисэх онгоц нийлүүлэх 3.74 тэрбум ам.долларын үнэтэй гэрээ байгуулжээ.


"Mitsubishi Aircraft” компанийн мэдээлснээр, 70 орчим зорчигчийн суудалтай “SpaceJet M100” загварын нисэх онгоцыг “Mesa Airlines” компанид 2024 оноос нийлүүлж эхлэхээр төлөвлөж байгаа аж.


Mitsubishi Aircraft” компани “SpaceJets” загварын нисэх онгоцны төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 400 гаруй онгоцны захиалга хүлээн авсан хэдий ч нисэх онгоцны загварын шинэчлэлтэй холбоотойгоор төлөвлөсөн зарим нийлүүлэлтээ саатуулсан учир 2016 оноос хойш нэг ч шинэ захиалга аваагүй байсан байна.


“SpaceJets” загварын нисэх онгоцыг бүтээхдээ зорчигчдын хувийн орон зайг илүү нэмэгдүүлж өгснөөс гадна суудлын хэлбэрийг илүү уян хатан байдлаар зохион бүтээжээ. 


Агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч “Mesa Airlines” компани АНУ-д дотоодын нислэг үйлдэхээс гадна Канад, Мексик, Куба болон Багамын арал руу нислэг үйлддэг байна.

Холбоотой мэдээ