Энэ хичээлийн жилд 15 төрлийн дугуйлан хичээллүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-09-10 11:31:11

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан 15 төрлийн сургалт дугуйлан хичээллүүлэхээр хүүхэд багачуудыг бүртгэж эхэлжээ.

Хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор дээрх дугуйлангуудыг жил бүр явуулж байна хэмээн Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа танилцууллаа. 2018 онд таван төрлийн дугуйланд 180 хүүхдийг хамруулсан бол өмнөх оноос эхлэн тус газрын хамт олон дугуйлангийнхаа нэр төрлийг нэмсэн байна.

Тодруулбал, энэ хичээлийн жилд морин хуур, дуу, бүжиг, драм, англи хэл, төгөлдөр хуур, хуучир, ятга, шанз, цахилгаан хөгжим, загварчлах техник сэтгэлгээ, баримал-дүрслэх урлаг, хөтлөх-ярих урлаг, шатар, өдөр өнжүүлэх ангиудыг хичээллүүлэхээр элсэлтээ авч эхэлжээ. Тус газрын дугуйланд хамрагдсан хүүхдүүд аймаг, бүс, улсын хэмжээний тэмцээн уралдаанд оролцож амжилтаа ахиулсаар байгаа юм. 

Холбоотой мэдээ