БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг салбарын 200 гаруй төлөөлөлтэй уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-10 13:59:49

Ховд /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Ховд аймгийн боловсрол, соёл урлаг, спортын салбар байгууллагын ажилтнуудтай уулзалт хийлээ.

Уулзалтад аймаг, орон нутгийн удирдлага болон БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга Ж.Мягмар, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан  болон салбар байгууллагын ажилтнуудын төлөөлөл 200 гаруй багш, мэргэжилтэн оролцож, харилцан санал солилцов.

Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг салбарын бодлого, үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдал, сургалтын цөм хөтөлбөрийн шинэчлэлийн талаар танилцуулсан юм. 

Үүний дараа сургууль, цэцэрлэг, соёл, спортын байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, салбарын бодлого, үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх ажлын талаар багш нарын санал хүсэлтийг сонслоо.

Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, багш нарын зүгээс сургалтын бодлого, үйл ажиллагаа, хөрөнгө оруулалттай холбоотой нэлээд санал гаргалаа. Тухайлбал, туслах багшийн багшлах эрх олгох сургалтын байгууллагын тоог цөөрүүлэх, чанаржуулах, хүүхдийн цэцэрлэгийн тоглоомын хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн их, дээд сургуулийн тогтмол зардлыг улсын төсвөөс олгох, орон нутгийн Хөгжимт драмын театрын барилгын засвар шинэчлэл хийх, Нийтийн номын сангийн барилгын дээврийн засвар хийх, номын хүртээмжийг сайжруулах зэрэг санал хэлэв.

БСШУС-ын сайд багш, ажилтнуудын гаргасан асуулт, саналд тодорхой хариулт өгсөн бөгөөд судалж, шийдвэрлэх шаардлагатай зарим асуудалд шаардагдах хөрөнгө оруулалтыг 2020 оны төсөвт тусган хэрэгжүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж буй нэр бүхий багш нарыг салбарын шагналаар шагнаж урамшуулав.

 

Холбоотой мэдээ