В.Путин Саудын Арабад "С-300" худалдан авахыг санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-17 10:20:00

АНКАРА. /TASS/.  Оросын зэвсгийг худалдан авах шийдвэр гаргавал бид улс орноо хамгаалахад нь Саудын Арабад туслахад бэлэн хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.


“Улс орноо хамгаалахад нь бид Саудын Арабад зохих тусламж үзүүлэхэд бэлэн бөгөөд Ираны удирдлага "С-300" системийг, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах "С-400" "Триумф" цогцолборыг тус тус худалдан авах замаар цаг үеэ олсон улс төрийн ухаалаг шийдвэр гаргасан шиг Саудын Арабын хувьд ийм шийдвэр гаргах нь зохистой. Эдгээр систем нь Саудын Арабын аливаа дэд бүтцийн байгууламжуудыг найдвартай хамгаална” хэмээн В.Путин онцлон тэмдэглэжээ.  


Түүнчлэн Йемен дэх хямралын асуудлаар ОХУ-ын Төрийн тэргүүн байр сууриа илэрхийлжээ.


“Нэгдүгээрт, Йеменд хүмүүнлэгийн ноцтой хямрал нүүрлээд байгаа. Бид хүмүүст тусалж, бидний жишгийг даган Йеменд тусламж үзүүлэхийг бусдад уриалж байгаа. Хоёрдугаарт, талууд тохиролцоонд хүрэх нь энэ хямралыг зохицуулах хамгийн шилдэг арга зам гэж бид үзэж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.  


Өнгөрсөн бямба гарагийн орой Саудын Арабын үндэсний газрын тосны “Saudi Aramco” компанийн үйлдвэрт 10 дроноор халдлага үйлдсэн хэрэг гарсан юм. 

Холбоотой мэдээ