Баян-Өлгийд аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-19 15:33:47

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын яам, Азийн хөгжлийн банк хамтран Баян-Өлгий аймагт "Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийг 2021 оноос хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан, төслийн багийн ахлагч  Б.Чинзориг нар энэ сарын 18-ны өдөр Өлгий сумын ард иргэдтэй уулзах үеэр танилцууллаа.

Зорилтот аймаг, сумын төвүүдэд нийтийн аж ахуйн суурь үйлчилгээ болон эдийн засгийг хөгжүүлэх зорилготой төслийн эхний шатанд Баян-Өлгий, Увс, Ховд аймгийг хамруулна. Харин хоёр, гурав дахь шатанд дээрх гурван аймагт хийх бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлэхээс гадна бусад аймгийг ч шат дараатай нэмэх аж.  

Баян-Өлгий аймгийн хувьд төслийн хүрээнд Өлгий хотын тав, 13 дугаар баг, Дэлүүн сумын төвийг дахин төлөвлөх, айл өрхүүдийг цэвэр, бохир ус, дулааны шугам, харилцаа холбооны сүлжээнд холбох, зам тавих, цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах, гудамж талбайг тохижуулах, агро-паркийн байгууламж барих, ард иргэдтэй тохиролцсоны үндсэнд газар чөлөөлж орон сууц барих зэрэг ажлыг хандивлагч байгууллагуудын тусламж, зээлийн санхүүжилтээр хийх гэнэ.

Одоо төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах урьдчилсан судалгааны ажлуудыг хийж байна. Нийт төсөвт өртөг нь 700 сая америк доллар бөгөөд одоогоор 200 сая долларын асуудал шийдэгдсэн. ТЭЗҮ бэлэн болсны дараа Засгийн газар болон УИХ-аар оруулан батлуулж, 2021 оноос 10 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ гэдгийг төслийн санаачлагчид онцоллоо. 

Холбоотой мэдээ