Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд угтан авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-20 12:19:39
@s_munkhbaatar

Шинэ Дели /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд тус улсын Ерөнхийлөгчийн ордонд өнөөдөр албан ёсоор угтан авлаа. Энэтхэгийн Төрийн тэргүүний урилгаар хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өчигдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 24 хүртэл үргэлжилнэ.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНЭУ-ын төрийн тэргүүн тусгай зассан индэрт урьж, Энэтхэгт тавтай морилохыг хүсэв. Хоёр улсын төрийн дуулал эгшиглэж, Монгол Улсын Төрийн тэргүүнд хүндэт харуулын дарга илтгэв. Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэт харуулын жагсаалын өмнүүр ёслон алхаж, айлчлалын бүрэлдэхүүнийг Энэтхэгийн Төрийн тэргүүнд танилцуулав. 


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Б.Дэлгэрсайхан, З.Нарантуяа, ЕТГ-ын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц нарын албаныхан дагалдаж байна. 



Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалыг сурвалжилж буй хоёр орны сэтгүүлчдэд хандан, "Олон мянган жилийн түүхтэй, оюун санаагаараа холбогдсон Энэтхэг улсад айлчилж байгаадаа баяртай байна. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Энэтхэгт 1994 онд айлчилж байсан. Түүнээс хойш 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчилсан. Энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын Төрийн тэргүүний Энэтхэг улсад хийж буй 10 жилийн дараах айлчлал юм" хэмээн онцоллоо. Тэрбээр, БНЭУ-ын Ерөнхийлөгч 2012 онд, Ерөнхий сайд Н.Моди 2015 онд Монгол Улсад айлчилж байсныг тодотгож, хоёр орны дээд түвшний айлчлал тогтмол үргэлжилснээр харилцаа хамтын ажиллагаа улам өргөжиж байгааг цохон тэмдэглэв. Мөн энэ удаагийн айлчлалаар хоёр орны Стратегийн түншлэлийг бүхий л салбарт өргөжүүлэх боломжийг эрэлхийлж байгаа гэдгийг онцлов. 



Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Махатма Гандигийн дурсгалын "Раж Гат" цогцолборт морилж, цэцэг өргөж, Хүндэт зочдын дэвтэрт сэтгэгдлээ бичиж үлдээв. Энэ жил Энэтхэгийн төр нийгмийн нэрт зүтгэлтэн Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ой тохиож байгаа юм. Махатма Гандигийн нойрсож буй Раж Гат цогцолборт Энэтхэгийн алдартай удирдагчид болон улстөрчдийн чандарыг  хадгалдаг байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди нартай албан ёсоор уулзаж, хэлэлцээ хийнэ. Албан ёсны хэлэлцээгээр, Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн зэрэг салбарт өргөжүүлэн бэхжүүлэх тухай ярилцана. Мөн олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцох юм. Мөн Энэтхэг улсын Дэд ерөнхийлөгч бөгөөд тус улсын Парламентын дээд танхим, Ражяа Сабхагийн дарга Венкаяа Найду болон Энэтхэгийн Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзахаар төлөвлөсөн байна. 



Ташрамд дурдахад, Монгол-Энэтхэг улс 1955 оны 12 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Стратегийн түншлэлийн харилцаатай юм. Монгол Улсын хувьд БНЭУ-ыг бүс нутаг дахь гол түнш бөгөөд, гуравдагч хөрш орноо хэмээн харилцаа, хамтын ажиллагаандаа тэргүүлэх ач холбогдол өгч иржээ. 

Холбоотой мэдээ