"Төвийн бүсийн түншлэл-2019" нээлтээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. "Төвийн бүсийн түншлэл-2019" үзэсгэлэн худалдаа Залуучууд театрт өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэн худалдааны зорилго нь аж ахуйн нэгж байгууллага, бүлэг хоршоод, өрхийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд сурталчлах, худалдан авалт үйлчилгээний түншлэл тогтоох, зах зээл олох өргөн боломжийг бүрдүүлэх, үйлдвэрлэгч үйлчилгээний байгууллагууд, хэрэглэгч тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, итгэлийг бэхжүүлэхэд оршдог аж.
Үзэсгэлэн худалдаанд "Дэлхийн зөн" ОУБ-ын өрхийн амьжиргааг дэмжих хөтөлбөрт хамрагдсан өрхүүд 6
төрлийн 15 гаруй бүтээгдэхүүнтэй оролцож байна. Мөн Хөвсгөл, Сэлэнгэ, Мандал сум, Төв зэрэг аймгаас шинэ, шилдэг
бүтээгдэхүүнээрээ оролцохоор мэдүүлгээ өгсөн
ч эхний өдрийн худалдаанд Төв
аймаг, Мандал сумаас л иржээ.
Үзэсгэлэн худалдаанд нийт 80 гаруй
ААН, иргэн оролцож бүтээгдэхүүнээ борлуулах аж.
Ерөнхий зохион байгуулагчаар Худалдаа Аж үйлдвэрийн
танхим, Дархан-Уул аймгийн ЗДТГ ажиллаж байгаа бол хамтран зохион
байгуулагчаар Стандарт хэмжилзүйн хэлтэс, Дэлхийн Зөн Дархан "Хүүхдийн
төлөөх орон нутаг" төсөл, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Залуучууд
театр, Ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар "Газар капитал Партнерс" ББСБ, "Босс
савхи" ХХК тус тус ажиллаж байгаа аж.
Энэ сарын 27-29-ны өдрүүдэд зохион байгуулах үзэсгэлэн худалдааны нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд тэргүүтэй удирдлагууд зохион байгуулагч, дэмжигч байгуулагуудын төлөөлөл оролцлоо.







