М.Цэвэлмаа:Миссийн тэмцээний дараа эмчийн мэргэжлээрээ тууштай ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-07 17:20:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  2019 оны “Miss World Mongolia”-д оролцох эрх авч “Үндэсний ялагч”-аар тодроод байгаа  Мандахын Цэвэлмаатай ярилцлаа.

Мандахын Цэвэлмаа нь АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Одоо сургуульдаа мэдрэлийн резидент эмчээр суралцаж  байна. Түүнээс мэргэжлийнх нь тухайд илүү сонирхлоо. Эрүүл мэнд гэдэг бол нийгмийн эрүүл амьдрах гоо сайхны нэг хэмжүүр болдог билээ. Тиймээс эмч хүн “мисс” байх, мисс хүн нийгмийн эрүүл аж төрөхөд бас нэгэн нүүр толь болох боломжтойг бидний ярианаас харж болно.  


 -Мисс болох нь охид болгоны мөрөөдөл шүү дээ. Та ч бас тэгж мөрөөддөг байсан байх. Мисс болчихоод титэм, туузаа харах ямар байсан бэ?

-Би багаасаа л өөрийнхөө мөрөөдлийг  дотроо их төсөөлж боддог байсан. Тэр төсөөллийн маань нэг хэсэг бодит болсны нэг жишээ миссийн титэм авахад мэдрэгдсэн. Монголын олон сайхан бүсгүйгээс шалгарч дэлхийн миссийн тэмицээнд оролцох эрх авахад  үнэхээр сайхан байсан. Тухайн цаг мөчид “Улам л их хичээх юм байна” гэдгээ илүү ойлгосон.  
-Дэлхийн миссийн тэмцээнд оролцоход гадаад хэлний мэдлэг их чухал байгаа харагддаг. Гадаад  хэлний мэдлэгээ ахиулсаар байна уу?

-Аравдугаар анги хүртлээ гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23 дугаар сургуулийн орос хэлний ангид суралцсан. Англи хэлний мэдлэгээ өдөр тутам ахиулж байна.

-Та яг хотынх ч биш байх аа. Аав, ээж тань аль нутгийн хүмүүс вэ?

-Улаанбаатар хотод төрсөн ч бага насаа Өвөрхангай аймагт өнгөрүүлсэн. Учир нь аав, ээж маань Өвөрхангай аймгийн уугуул, хөдөөтэйгөө их ойр хүмүүс. Одоо ч гэсэн зун бүр Өвөрхангай аймагт очиж амардаг. Хөдөө нутагтай бие сэтгэлээрээ холбоотой явдаг.

-Гарал угсаагаасаа хүний хүмүүжил мэдрэгддэг. Аав, ээжээ жаахан тодруулахгүй юу?

-Аав маань Монгол Улсын начин цолтой бөх хүн. Аавын талынхан бөхийн удамтай улс, аймгийн цолтой. Ээж маань хуульч мэргэжилтэй, УЕПГ-т ажилладаг. Ээжийн талынхан харин  эрдэм номын мөр хөөсөн хүмүүс байдаг.

-Аав, ээжийн хүмүүжил өнөөдөр янз бүрийн хүмүүстэй харилцахад их нөлөөлдөг байх?

-Өнөөдөр би шууд л “Мисс” болчихоогүй. Дэлхийн олон сайхан бүсгүйтэй, тэдний эргэн тойрныхонтой харилцахад миний өнөөдрийн эзэмшсэн эмчийн мэргэжил ч их нөлөөтэй. Аав, ээжийн сургаж өсгөсөн хүмүүжил бүр ч их нөлөөтэй нь мэдэгдэж байна.  Аав, ээж хоёулаа айлын бага хүү, бага охин болохоор их даруулгатай өсцгөөсөн. Тиймээс аав, ээжийгээ асрах, ах, дүү нартаа их тусархуу байхыг эрхэмлэдэг. Гэхдээ  бусдад тусласныхаа хариуг  буцаагаад нэхээд байдаггүй.  Энэ зан чанар нь л надад үргэлж нөлөөлдөг. Мөн аав, ээж хоёр маань “Чи ийм хүн болох хэрэгтэй”, “Чи тэгэх хэрэгтэй” гэх зэргээр заадаггүй. Ер нь үгээрээ биш, өөрсдийн үйлдлээрээ үлгэрлэн харуулж, өсгөсөн дөө. Тиймээс багаасаа “Хүн даруухан байх хэрэгтэй юм байна”, “Жаахан юм мэдлээ гээд онгироо, сагсуу байж болохгүй” гэдгийг ойлгож хүмүүжсэн.

-Удам дамжсан эмч үү. Ямар чиглэлээр эмчийн мэргэжлээ дээшлүүлэх вэ?

-Манай удамд нарийн мэргэжлийн эмч байхгүй. Удмаасаа гарч ирж байгаа анхны эмч. Одоо мэдрэлийн резидент эмчээр суралцаж байна. Цаашдаа, нуруу нугас, мэдрэлийн эмч болно.

-Эмчийн мэргэжлийг зүгээр ч сонгоогүй л байх. Заавал нэг шалтгаан байдаг гэж эмч мэргэжлийг сонгосон хүн ярьдаг. Тийм нэг шалтгаан байгаа юу?

- Би анагаахын сургуульд сурахаасаа л хүмүүнлэгийн ажилд оролцож эхэлсэн.  Би эмээгээ хүнд өвчнөөр  алдахаасаа өмнө “хавдар” гэх өвчин миний гэр бүлээс их хол юм шиг боддог байлаа. Тухайн үед  би хавдрын эмнэлэг дээр дадлага хийдэг, хавдартай хүмүүсийг үздэг байсан хэдий ч тэдгээр өвчтөнийг өрөвдөөд л  өнгөрдөг байв. Одоо бодоход, хэзээ ч чин сэтгэлээсээ ойлгож байгаагүй юм шиг. Эмээг минь хавдраар өвдөхөд, гэр бүлийнхэн, хамаатан садан маань бүгд  сэтгэлийн “хавдар”-аар давхар өвдсөн. Энэ бүхнийг харж, мэдрэх надад үнэхээр хэцүү байсан. Энэ үед эмч мэргэжлийг сонгосон маань зөв болж гэдэгтээ илүү итгэсэн. 

-Эмч болоод хүн үзсэн үү. Ер нь цаашдаа эмчээрээ ажиллах уу?

-Хоёрдугаар курсэд байхаасаа эмнэлэгт дадлага хийсэн. Анагаахын оюутнуудын хичээл нэг эмнэлгээс нөгөө эмнэлгийн хооронд гүйж, хүн үзэхээс л эхэлнэ шүү дээ. Цаашдаа эмчээрээ ажиллана. Иймэрхүү тэмцээн уралдаан гэж төдийлөн явахгүй. Би өмнө нь хоёр удаа тэмцээнд оролцож байхад, нэг нь миний өвлийн амралтаар, нөгөө нь  зуны амралтаар таарч байлаа. Хичээл номноосоо завсарласан зүйл төдийлөн байгаагүй. Харин одоогоор “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох учир ихээхэн ач холбогдол өгч, бэлтгэлээ хангахаар сургуулиасаа түр чөлөө авсан байгаа. Энэ нь сургуулиасаа чөлөө авч буй анхны тохиолдол минь болж байна /Инээв/. Цаашдаа мэргэжлийнхээ дагуу олон хүнийг эмчилсэн, сайн эмч болохын тулд илүү гүнзгийрүүлэн суралцана. Эмч бол миний мөрөөдлийн мэргэжил. Би мэргэжлээ орхихгүй. Харин жирийн нэг эмчийн үгийг хэдэн хүн сонсох билээ. Бусдад танигдаад ирвэл хэдэн хүн сонсох вэ гэдэг ойлголт байдаг. Миний гол зам бол эмчийн мэргэжил. Цаашид би миссийнхээ нэр төрөөр бус  эмч хүнийхээ хувьд, хүний эрүүл мэндийн төлөө өдөр бүр ажиллана. Гоо сайхан бол эмчийн  мэргэжилд маань хүч нэмэх зүйл гэж ойлгож байгаа.

- Хаа нэг газар өвдсөн хүнтэй тааралдвал яах вэ?

-Тухайн хүн сэтгэл санааны хувьд гуньсан, гутарсан байдалтай байвал би шууд тусалж чадах бүхнээ хийнэ. Харин биеийн өвдөлтийг тэр хүн өөрөө надад хэлэхгүй бол мэдэхгүй. Хэрэв хэлбэл, чадах чинээгээрээ тусална.


-“Дэлхийн мисс”-ийн тэмцээнд хүмүүнлэгийн ажил их чухал байдаг. Та хүмүүнлэгийн ажлыг оюутан байхаасаа хийсэн гэж ярьсан. Дэлхийн миссийн тэмцээнд бэлтгэхдээ ч  хүний эрүүл мэнд рүү чиглэсэн  ажил хийж байна уу?

-  Дэлхийн миссийн тэмцээнд оролцохоос өмнө ч хүмүүнлэгийн ажилд ихээхэн ач холбогдол өгч байсан. Одоо ч гэсэн өөрийн мэргэжлийн онцлогт тулгуурлан  элэгний хавдрын чиглэлээр тодорхой ажлыг үе шаттайгаар өрнүүлж  байна. Миний мэргэжлийн түвшинд бол би өрхийн, сумын эмнэлэгт эсвэл түргэний эмч хийх боломжтой. Эдгээр ажлыг хийгээд хэр олон хүнд дуу хоолойгоо хүргэж, хэр олон хүнийг эмчилж чадах билээ. Тиймээс “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд бэлтгэхдээ элэгний хавдраас урьдчилан сэргийлэх, тэр дундаа элэгний В вирустэй эхээс төрсөн нярайг вакцинжуулах, элэг шилжүүлэн суулгах нэн шаардлагатай хүнийг хагалгаанд оруулах зэрэг ажлыг хийж  байна.

-Наад ажил тань их сонирхол татлаа. Элэгний хавдрын өвчлөл манай улсад сэтгэл зовоохуйц түвшинд байгаа. Энэ ажилд  олон нийтийн анхаарлыг хандуулахад мисс хүний оролцоо чухал шүү?

-Олон нийтийн анхаарлыг  эрүүл мэнд рүү чиглүүлэх гэж уг нь 2018 онд хүмүүнлэгийн “МАА” санг үүсгэн байгуулсан. Тус сангаараа дамжуулан хүмүүнлэгийн ажлаа зохион байгуулж байна. Иймээс хувь хүн болон байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй, байнга бэлэн  байна. “МАА” сантай хамтрах, хүмүүнлэгийн хандив өгөх бол ХААН банк: 5009993311 дансаар харилцах боломжтой.


-“МАА” сангийнхаа тухай дэлгэрүүлж ярихгүй юу?

 -Би хоёрдугаар курст байхдаа буюу 2014 оноос хүмүүнлэгийн ажлыг анх хийж эхэлсэн. Тухайн үед, арван жилийн сургуулиудад очин сурагчдад сургалт, зөвлөгөө орох, ариун цэврийн булан байгуулах, өрхийн эмнэлгүүд дээр иргэдэд зориулсан мэдээллийн самбар гаргах гээд оюутны хэмжээнд л хийж болох зүйлсийг санаачлан хэрэгжүүлдэг байсан. 2018 оноос ашгийн бус хүмүүнлэгийн “МАА” санг үүсгэн байгуулж, орон нутгийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлах, хөдөө орон нутгийн дотуур байрны сурагчдад шаардлагатай эд зүйлсээр дэмжлэг үзүүлэх зэрэг олныг хамарсан ажлыг зохион байгуулсаар байна.


-Дэлхийн миссүүдтэй өрсөлдөхөд хэлээрээ бас уралдах хэрэг гарна. Гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд уран зохиол туслах нь дамжиггүй.
Уран зохиол хэр зэрэг уншдаг вэ. Хамгийн сүүлд  ямар ном уншсан бэ?

-Уран зохиолын ном унших их дуртай. Учир нь хувь хүний хөгжлийн номноос хүнийг хайрлах, уучлах зэрэг хүний сэтгэлийн олон торгон мэдрэмжийг мэдэрч чаддаггүй. Харин уран зохиолын номноос  баярлах, гуниглах, уйлах инээх, хайрлах зэрэг бүхий л зовнилыг мэдрэх боломжтой. Сүүлийн жил гаруйн хугацаанд, “Агнистын гэгээ” цувралыг уншиж байна. Хамгийн сүүлд  “Өвс өөрөө ургадаг” гэх цувралыг нь уншсан.

-Ширээн дээр чинь одоо ямар ном байна вэ?

 -Ширээн дээр болон цүнхэнд байнга авч явдаг ном гэвэл нэлээд байна. В.Достоевскийн “Өгүүллэгүүд”-ийг шинээр авсан. Түүний “Гоо сайхан ертөнцийг аварна” гэсэн үг санаанаас гардаггүй юм. Ойрд дэлхийн миссийн тэмцээнд бэлтгээд тэр үү, бүр их хэрэг болох үг шиг санагдаад байгаа /Инээв/. Яг одоо Эрдэнэзуу хийдийн лам Баасансүрэнгийн “Зүрхийг тань дайлъя” гэх номыг цүнхлээд явж байна. Энэ номд амьдралд ойрхон зүйлсийг багцлан сануулсан байдаг юм.

-Дэлхийн миссийн тэмцээндээ амжилт гаргахыг хүсье. Мөн цаашдаа ч сайн эмч болоорой.

-Баярлалаа. “Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” гэсэн уриатай, МОНЦАМЭ агентлагийнхандаа ямагт мэдээлийн урд явахыг ерөөе.  

Холбоотой мэдээ