Зарим багийн хог хаягдлыг ачиж зайлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 15:12:27

Увс аймгийн Улаангом сумын 7, 11-р багийн айл өрхүүд хашаа хороо, гудамж талбайнхаа хог хаягдлыг цэвэрлэн шуудайлж тавьсныг “Элемент” компанийн ажилчид өчигдрөөс эхлэн ачиж зайлуулах боллоо.

Өнгөрсөн 1-р сараас эхлэн Улаангом сумын айл өрхүүд цахилгааны төлбөр дээрээ нэмж гэр хорооллынхон 1000, орон сууцныхан 2000 мянган төгрөгийн хураамж төлөх болсон юм. Энэ мөнгийг хог хаягдлын чиглэлээр байгуулагдсан “Элемент” компанид шилжүүлж, төвлөрсөн хогийн цэгт байгаа хог хаягдлыг дарж устгах, боловсруулах, шинээр очиж байгаа хог хаягдлыг цэгцлэхэд зарцуулахаар шийдвэрлэсэн байдаг.  Гэвч иргэдийн зүгээс энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж, Улаангомын гудамж талбай хог новшиндоо дарагдсан байна, айл өрхүүд хашааныхаа хогийг өөрсдөө ачиж зайлуулж байхад сар бүр 1000-2000 төгрөг авч иргэдийг хохироож байна гэсэн хэл амыг дагуулж ирсэн. Хог хаягдлын “Элемент” компанийн зүгээс бид хогны хураамжийн мөнгийг одоо хүртэл аваагүй байна, иргэдээс хураасан мөнгө орон нутгийн төсөвт төвлөрсөн гэдэг тайлбарыг өгч байсан юм.

Ямартай ч тухайн компанийн дансанд тодорхой хэмжээний мөнгө орсны улмаас өөрсдөөсөө унаа тэрэг гарган Улаангом сумын 7, 11-р багийн гудамжны хог хаягдлыг туршилтын журмаар ачиж эхлээд байна. Хэрвээ энэ ажил үр дүнтэй болж, төсөв санхүү нь хүрэлцвэл Улаангом сумын бусад багуудын хогийг мөн ачиж эхлэх аж.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ