Эмнэлгүүдэд угаарын хий хэмжигч багаж суурилуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
-Эмнэлгүүдэд угаарын хий хэмжигч, илрүүлэгч худалдан авахад шаардлагатай 330 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэв. Угаарын хийн хордлогод өртсөнийг цусан дахь карбоксигемоглобины хэмжээг тодорхойлж, оношийг баталгаажуулдаг аж. Ийм багаж байхгүй учир угаарын хийнд хордсон эсэхийг эмнэлзүйн шинж тэмдэг болон сайжруулсан түлш хэрэглэсэн эсэх асуумжаар оношилж байгаа аж.
- Япон Улсын Чюүбү, Канто, Тохоку бүсийг дайрсан “Хагибис” хар шуурга, хүчтэй аадар борооны улмаас олон хүний амь эрсдэж, эд материалын их хохирол учирсантай холбогдуулан 100 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов. Энэ сарын 15-ны байдлаар 68 хүний амь эрсдэн, 15 хүн сураггүй алга болж, 212 хүн гэмтэж бэртжээ. Аврах, сэргээн босгох ажиллагаанд 110 гаруй мянган албан хаагч оролцож байна.
- Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
- “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёрдахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
- Үндэсний геологийн алба байгуулах тухай асуудлыг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв. Үндэсний геологийн алба байгуулснаар геологийн судалгааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, уул уурхайн салбарын дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Мөн хоорондоо уялдаа холбоо байхгүй геологийн нэгж, байгууллагуудыг нэгтгэн нэгдсэн бүтэц зохион байгуулалтад оруулна. Салбарын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчний тогтвортой ажиллах болон улс орны онцлогт тохирсон эрдэс баялгийн цогц бодлого явуулах нөхцөл бүрдэх юм.
- Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын гавьяа зүтгэл, амьдрал, түүхэн үнэнийг харуулсан “Түүх мартахгүй” баримтат, уран сайхны кино бүтээхэд зориулж 500 сая төгрөгийг нөөц сангаас гаргахаар болов. Киноны зураг авалт 89 хувьтай байгаа бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНЭУ-ын жүжигчид, уран бүтээлчид оролцож байна.