Хорин намрын ургацын дээж

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-10-20 14:13:29

Булган /МОНЦАМЭ/ Тогоруу цуглаж байгаад нэг л өглөө зээллээд буцдаг гэдэг. Тогорууны шуугиан, трактор комбайны нүргээнтэй тариан талбай намар цагийн нэгэн амьдрал.

Цэрэнбат гэдэг залуу “Шинэ амьдрал” нэгдлийн буурин дээрх компанийг хувьчилж аваад хорин намрын ургацаа авчээ. Тариа тарьж, ургац хураана гэдэг олон талын мэдлэг, арга ухаан шалгадаг. Газар тариалан бол цэвэр технологийн асуудал болсон гэж тэр хэлж байна. Тиймээс тариалалтын горим баримтлахын тулд Финланд, ОХУ-ын сүүлийн үеийн техник авч, тариалалт, ургац хураалтыг агротехникийн хугацаанд ягштал хийх болж. Түүнээс гадна тариан талбайд цацах ургамал хамгааллын бодис хор грепцид бордоог хосолмол аргаар хэрэглэж байна. 2012 оноос хойш “Алтан тариа” компанийн нийлмэл бордоог ашиглаж байгаа гэнэ. Сүүлийн үед “Тариалан эрхлэлтийг дэмжих” сангаас нийлүүлж байгаа ургамал хамгааллын бодисууд үр тарианы болцыг хурдасгах бутлалтыг сайжруулах үйлчилгээтэй учир сонгон хэрэглэж ургацаа арвижуулж байгаа юм байна.

Цаг агаарын эрс тэс өөрчлөлттэй өнөө үед нутагтаа тохирсон үрийн тухай ярих болсон. Тэгвэл “Шинэ амжилт” компанийхан үр үржүүлэх талаар бусдаас түрүүлж шинэ рүү тэмүүлж явна гэхэд болно.

Тэшиг нутгийн нөхцөлд эрт хяруу унаж хүйтэрдэг учраас бид улаанбуудайн боловсрох хоногийг ямар байх вэ гэдгээс шалтгаалан үрийн сонголт хийжээ. Сүүлийн үед “Тариалан эрхлэлтийг дэмжих” сан бидэнд боломжтой хэлбэрээр “Алтайский 70, 75”, “Алтай 325”, “Буриадская остистая” зэрэг олон төрлийн үр нийлүүлж байна. Тодорхой хэмжээгээр  нутагшуулж тариалахад улаанбуудайн зарим сортын үр нь ялгаран тохирч, ургац авч байна гэж компанийн захирал баталсан.

Гурван жилийн өмнө нэгэн компани “Табольский” гэдэг үрийг тариалж туршихыг санал болгожээ. Тухайн үед Сэлэнгэ, Хэнтий аймагт бас энэ сортын үрийг туршин тариалсан аж. Эдгээр газраас Цэрэнбатын компанийн тарьсан талбайгаас хамгийн өндөр буюу га талбайгаас 41,6 центнер ургац авсан байна. Энэ нь манай оронд усалгаагүй газар тариалангаас авч байсан ургацын хэмжээнд нэлээд өндөрт тооцогдох амжилт болжээ. Тэр туршилтын үр дүнгээр газар тариалангийн бүс нутагт тариалахад тохирсон улаанбуудайн “Табольский” гэдэг сортын үрийг “Тариалан эрхлэлтийг дэмжих” сангаар дамжуулан тариаланчдад ологож байгаа гэнэ. Үрийн чанарыг сайжруулах, бүс нутагтаа тохирсон үртэй болох талаар байнга эрэлхийлж хэрэгжүүлсэн шинэ ажлын үр шим энэ.

“Ямар нэгэн байдлаар алдаа оноо гарч байгаа ч бид ирээдүйг харж газар тариаланг тогтвортой авч явах гол ажил гэж бодож байна” гэж Булган аймгийн Тэшиг сумын “Шинэ амжилт” компанийн захирал П.Цэрэнбат захирал хэлнэ билээ. Монгол Улсын ургацын хошой аварга хамт олон энэ намрын ургац хураалтаа дууслаа. Сүүлийн жилүүдэд тогтвортой га талбайгаас 15-16 центнер ургац авч байгаа амжилтаа бататгаж, энэ намар нэг мянга гаруй тонн үр тариа хураагаад байна.

Холбоотой мэдээ