Туркт электрон тамхи үйлдвэрлэхийг зөвшөөрөхгүй

Дэлхийд | Эрүүл мэнд
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-22 12:50:19
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Reuters/.  Туркт электрон тамхи үйлдвэрлэгч компаниудыг бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдээд, үүний оронд цай уухыг ард иргэддээ уриалсан байна.


“Туркт электрон тамхийг "хэзээ ч" хүлээн зөвшөөрч болохгүй гэдгийг Худалдааны сайдад үүрэг болгосон. Тамхи үйлдвэрлэгч компаниуд хүмүүсийг "хордуулснаар баяжиж" байна” гэж Р.Эрдоган Истанбул хотноо зохион байгуулсан тамхидалтын эсрэг арга хэмжээний үеэр мэдэгджээ. Мөн тэрбээр, электрон тамхи үйлдвэрлэгч компаниуд үйлдвэрлэл явуулах зөвшөөрөл болон газар олгохыг биднээс хүссэн бөгөөд үүнийг олгох боломжгүй гэдгийг тэдэнд хэлсэн гэжээ. Ямар компани зөвшөөрөл хүссэн талаар тэрбээр дурдаагүй аж.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, 2016 онд Туркийн 15-аас дээш насны нийт хүн амын 27 орчим хувь нь тамхи татдаг байжээ. Үүнийг 2010 оныхтой харьцуулахад 31 хувиар буурсан бөгөөд тэдгээрийн дийлэнхийг эрэгтэйчүүд эзэлжээ.

Холбоотой мэдээ